Монгол улсын их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдын мэндчилгээ
Улсын их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
2014.12.25

Монгол улсын их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдын мэндчилгээ

Эх орондоо болон хилийн чанадад сурч боловсорч, ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс, нийт Монголчууддаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Шинэ он, шинэ жил бидэнд шинэ амжилт, шинэ үйл хэргийг эхлүүлэх итгэл найдвар, ирээдүй цагийг бэлэглэдэг билээ. Ирээдүйд хөтлөх зам ямагт өргөн дардан байдаггүй ч саад бэрхшээлийг даван туулж, сайн цагийн угтал болох ажил, хөдөлмөр, амжилт бүтээлийн түүхийг бид өөрсдөө мөнхлөх учиртай.

Монгол Ардын Нам ард түмэнтэйгээ хамт алдаа оноо, амжилт бүтээлийн арвин баялаг түүхтэй 93 жилийг үдэж шинэ онтойгоо учран золгож байгаад намын даргын хувьд туйлын баяртай байна. Цаашдаа ч Монгол улсынхаа хөгжил дэвшлийн замд хөтөч нь болж, амжилт ололтоор дүүрэн олон шинэ оныг угтана гэдэгт итгэлтэй байна.

Улиран одож буй 2014 он манай улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын хувьд хүндхэн жил байлаа. Монгол ардын нам хүнд цаг үед улс төрийн тулхтай хүчний хувьд улам бүр доройтож буй нөхцөл байдлыг яаралтай зогсоож, улс төрийн намууд эв эеэ эрхэмлэн, ойлголцол зөвшилцөлд хүрч, эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэн хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Эдийн засаг, засаглалын хямрал ноцтой нүүрлэсэн энэ үед хоорондоо толхилцох бус хамтран зүтгэж хүндрэлийг даван туулах эрх баригч хүчний санаачлага, хүсэлтийг хүлээн авч, Монгол Ардын Нам бага хурлаараа хэлэлцэн, улс орны аюулгүй байдал, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн улс төрийн чухал шийдвэр гарган шинэ Засгийн газарт орж хариуцлагын ачааг үүрэлцэн хамтран ажиллаж байна.

Бүх намууд нэгдэж хамтран ажиллах нь дотоод хяналт сайжирч, засаглалын үйл ажиллагаа ил тод, шударга байхын эхлэл гэж бид ойлгож байна.

Монгол хүн бүр нэг эх оронтой. Монголын иргэн бүр нэгдмэл зорилготой. Тиймээс ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр мятрашгүй зүтгэх цаг болжээ.

Шинэ оны босгон дээр бидэнд хойшлуулж болшгүй олон асуудал тулгарч байна. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, засаглалын тогтолцоог шинэчлэх, улсынхаа гадаад нэр хүндийг өсгөх, эдийн засгаа тогтворжуулах зэрэг улс орны хувь заяатай шууд хамааралтай олон асуудал ирэх онд шийдлээ хүлээж байна.

Монгол Ардын Нам хямрал хүндрэлийг ахмад үеийн туршлага, дунд үеийн бодлого, залуу үеийн эрч хүчээр даван туулна хэмээн үзэж хүний нөөцийн бодлогодоо ахмад, дунд, залуу гурван үеийн алтан хэлхээг хадгалан, шинэ залуу үеэ зоримог дэмжсэн улс төрийн томилгоонуудыг хийж, тэдэнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байна.

2015 онд бид, эх оронч иргэдийн идэвхтэй оролцоо, эв нэгдэлд түшиглэн, улс орондоо тулгарсан хямрал хүндрэлийг хамтын хүч, нэгдмэл зорилгоор даван туулна гэдэгтээ итгэлтэй байна.

Угтан ирж буй шинэ ондоо Монгол хүн бүр эв эеийг эрхэмлэн, хариуцлагатай, бүтээлч байж, итгэл дүүрэн, сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч эрүүл энх, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээл арвин, санасан үйлс тань сэтгэгчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                Та бүхэн сайхан баярлаарай.

Улсын их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга  Миеэгомбын Энхболд