Ж.Дэлгэрсайхан: Татвар нэмэх болон халамжийн мөнгийг багасгах нь тийм ч сайн арга биш
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхмийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай улсын төсвийн хүндрэл болон улс төрчдийн хамгийн их ярьж байгаа хүүхдийн мөнгө, эхчүүдийн одонгийн мөнгийг багасгаж хэмнэлт хийх нь хэр зөв зүйтэй алхам талаар ярилцлаа.
-2014 оны хувьд төсвийн алдагдал нэлээд өндөр гарсан. Өрийн босго 55 хувьтай, төсвийн цэвэр алдагдал 4 орчим хувьтай. Одоо тэгэхээр бодит төсвийг хийх ёстой гэдгийг дээр дооргүй ярьж байна. Эдийн засагч хүний зүгээс юу гэж харж байгаа вэ?
Монголчууд төсвөө дандаа тодотгож ирсэн нь төсвөө хийж чаддаггүйг харуулж байгаа юм. Төсвийг УИХ-д их наядаар танасан тохиолдол бий. Он гарангуут, оны дундуур, оны төгсгөлд гээд бүхэл цаг хугацаанд дахин тодотгодог. Энэ бүхнээс үзэхэд төсвийн бодлого, төсвийг хийж байгаа суурь, аргачлал буруу гэсэн үг.
Төсвийн тухай хууль эрх зүйн баримтуудад маш олон зөв зарчим тусгассан байдаг боловч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Мөн түүний төлөө хариуцлага хүлээгдэггүй. Тэгээд л жилийн жилд муу төсөв хийдэг, түүнийгээ тодотгодог.
Тиймээс одоо бодит төсвийг хийхийн тулд улс орны хөгжлийн түвшин, эдийн засгийн өнөөгийн байдал, зорилгод нийцүүлэх ёстой. Мөн юуг нь хэмнэж, юуг үргэлжлүүлэх вэ гэдгээ маш сайн тооцоо судалгаатайгаар зөв тодорхойлох ёстой.
Өмнөх жилүүдийн төсвийг харахад хэт өөдрөг, бодит бус тоонуудыг оруулж, түүнээс болоод орлого нь дутаж хомсддог. Ингэхээр улс орны хэмжээнд төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүй. Яам тамгийн газрын бодлого хэрэгжихгүй, хөрөнгө оруулалтын төслүүд нь саатсан дүр зураг ажиглагддаг.
Энэ нь эдийн засаг, нийгмийн бүх л салбарт хүндрэл бэрхшээлийг авчирдаг байдал үргэлжилсээр байна. Үүнийг бид зогсоох хэрэгтэй.
-Царцаасан төслүүдэд хөрөнгө оруулахгүйгээр гишүүдийн тойрогтоо амласан бүтээн байгуулалтад зарцуулж байгаа нь хэр зөв зүйтэй вэ. Төсвийн зарцуулалтын талаар та ярихгүй юу. Үнэхээр улс орны хөгжил бодлогын хэрэгжилтэд зарцуулахад чиглэж чадаж байгаа юу?
Төсөв гэдгийг УИХ-ын гишүүд, яам агентлагууд маш сайн ухамсарлах ёстой. Энэ бол тухайн жилийг өнгөрөөх хөрөнгө биш. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн эх сурвалж арга хэрэгсэл.
Энэ утгаар нь бүх түвшинд харах ёстой. Үгүй бол төсөв тарамдсан, гол байгаа оноогүй, улс орны нийгэм, эдийн засагт зохих эерэг нөлөөг үзүүлж чадахгүй алдаатай бодлогууд явсаар байх болно. УИХ-ын сонгуулийн тогтолцооноос болоод тойрог руугаа хуваасан булаацалдсан зарцуулалтууд их ажиглагддаг.
Үүнийгээ болих хэрэгтэй. Хуулийн дагуу нийт улс орны нэгдсэн бодлогын хүрээнд нийгэм эдийн засгийг цогцоор нь хөгжүүлэхийн төлөө төсөв батлагддаг байх учиртай.
Төсөв батлагдах процесст нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл нь улс төрийн, судлагаа, тооцоогүй амлалт байна. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон намууд ард түмний итгэл үнэмшлийг татахын төлөө хэт дэврүүн, сэтгэлийн хөөрөлтэй хөтөлбөрийг гаргадаг нь учир дутагдалтай.
УИХ маань төсвийн хүрээнд улсыг хөгжүүлэхийн тулд нийгэм эдийн засгийг зөв чиглүүлэхийн тулд ерөнхий улс орны асуудлыг ярих ёстой болохоос биш тойргийн асуудлыг ярих ёсгүй.
-Өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэмнэлтийн талаар их ярьж, халамжийн бодлогыг хумиж, татварыг нэмэхээр ярилцаж байна. Байдал дээрдэх үү?
Орлогоо маш зөв тодорхойлж, зарлагаа тооцохгүй бол бид 2015 оныг эдийн засгийн хүндрэл дээр нэмээд төсвийн хүндрэлд орж болзошгүй. Эдийн засгийн таагүй байдлыг улам дэврээнэ. Таналтыг хийхдээ маш тооцоо судалгаа, үндэслэлтэй харах учиртай.
Улс оны бодит эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулсан эсэх, гадаад нөхцөлтэй уялдуулсан эсэх, 2015 оны нийгэм эдийн засгийн бодлого хэрэгжилттэй уялдуулсан эсэхийг сайтар харах ёстой гэсэн үг. Тэрээс танаж байгаа л бол сайн гэсэн үг биш.
Би улс төрчдийн байр суурийг яримааргүй байна. Тэд асуудлыг улс төрийн өнцгөөр харж, асуудалд хандаж байгаа. Эдийн засагч хүний зүгээс ярья.
Татвар нэмэх болон халамжийн мөнгийг багасгах хоёр процесс нь яаралтай нэн даруй хийх шаардлагагүй. Угаасаа 2008 оноос хойш улс төрчдийн алдаанаас болж бий болсон халамжид дулдуйдан амьдардаг нийгмийн хэсгээ өнөөдөр чангалах нь ард түмний амьдралыг улам доройтуулахад хүргэнэ.
Эдийн засгийн гол үүрэг нь ард иргэдийнхээ амьдралыг доройтуулахгүй байх явдал болохоос биш төсвийг танаад, төсвөө сайжруулаад эдийн засгийн зорилго хангагдлаа гэхгүй.
Иргэдийгээ ядарсан үед нь хамгаалах, хөгжиж байгаа үед нь амьжиргааг сайжруулах л бодлого барих ёстой. Тэрхүү бодлого нь бизнесийн орчноо тэлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сайжирснаар хэрэгждэг учиртай. Тэгэхээр халамжийг багасгах болон татвар нэмэх нь буруу. Учир нь өнөөгийн нөхцөл байдал бол эдгээрийг хийх цаг нь болоогүй гэдгийг харуулж байна.
Жишээ нь: Халамжийг бууруулж болно. Гэхдээ ингэж бөөнд нь огцом биш судалгаатай, үр дагаварыг нь тооцсон, үе шаттайгаар хийнэ гэвэл миний хувьд дэмжинэ. Гэтэл одоо бол зүгээр л бид үүнд тэдэн төгрөгийн зардал гаргадаг байсан, түүнийг бууруулвал тэдэн төгрөгийг зардал хэмнэнэ гэсэн байдлаар хийж байна.
Цаана иргэдийн амжиргаа, наанадаж нийгмийн сэтгэл зүй гэсэн агуулгын асуудлыг тооцсон байдал харагдахгүй байна.
Өнөөдөр олон компаниуд үүд хаалгаа барихад хүрч, ажилтнуудаа цомхотгож байгаа нөхцөлд татвараа нэмбэл ангал руу түлхэснээс өөрцгүй. Гэтэл тэд л өнөөдөр, маргааш ч энэ эдийн засгийг авч явах гол хөдөлгүүр нь байх болно.
- УБ хотод үйл ажиллагаа явуулж буй компаниудын орлогоос татвар авч, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа шүү дээ?
Бизнесийн орчин суларсан өнөөгийн нөхцөлд эдийн засгаа тэлэх, бизнесийн орчноо аварч гарах, эдийн засгийн бүтцээ сайжруулах, татварын таатай орчныг бүрдүүлж ирээдүйд эдийн засгаа тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг барих учиртай.
Иймээс татвар нэмэх, нэмэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж нийгмийн сэтгэл зүйг эвдэх нь өнөөдрийн нөхцөл маш буруу. Мөн тэдгээр өөрчлөлтийг хийх нь ямар үр дагаварыг бий болгох нь тодорхойгүй. Ж.нь үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмлээ гэхэд эдийн засагтаа ямар үр дүн гарах вэ.
Монголд үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ их хойрго явагддаг. Хуулиндаа ч заагаагүй. Хөрөнгөө үнэлүүлэх сонирхол буурна. Өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг багасгах сонирхол үүсч болзошгүй гэдгийг тооцох гэх мэт.
Мөн өв залгамлал, бэлэглэл гэх мэт миний бодлоор нэмбэл зохистой татваруудыг харах нь илүүдэхгүй мэт.
- Төсөв алдагдалтай үед Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүйд хүрэх үү. Хүү өсөхөөр зээл үнэтэй болж, бизнес хумигдана. Мөнгөний хатуу бодлого л барьсаар байх уу?
Мөнгөний бодлогыг тэлж байж эдийн засаг сэргэдэг. Миний хувьд мөнгөний бодлогыг төсвийн бодлогоос илүү нааштай харж байгаа. Монголбанк мөнгөний бодлогыг чадлынхаа хэрээр хэрэгжүүлж байна. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн зарим нэг үнэ тогтворжуулах хөтөлбөрийг эс тооцвол үр дүн гарсан.
Учир нь харамсалтай нь зарим нь сайн, санасанд хүртэл болоогүй. Монголбанкны мөнгөний бодлогын хувьд ярихад хумих арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хумина гэдэг бодлогын хүүгээ өсгөж, шаардлагуудаа нэмэгдүүлэх нь таатай зүйл биш ч гэсэн гарцаагүй ийм л байдалд бид хүрчихээд байна.
Эдийн засгийн өсөлтийг 2014 онд авч гарч байгаа салбар нь нөгөө л хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар байна. Цаашид мөнгөний бодлогоо эдийн засгийн бүтцийг дэмжиж, хэрэглээг танах чиглэл рүү нь явуулах нь зүйтэй.
Хөдөө аж ахуй бол монголын эдийн засгийг авардаг стратегийн салбар. Тиймээс хамгийн түрүүнд хүнсний баталгаатай найдвартай хангамж чухал учраас мал аж ахуй, газар тариаланд тулгуурласан нэмүү өртөг бүтээх буюу боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ үндэсний гэдэг утгаар нь хөгжүүлвэл зохино.
Үндэсний гэдэг утгаар нь бүтцээ сайжруулж чадахгүй бол эдийн засгийн мөчлөг дагасан эрсдэлтэй хэвээрээ байсаар байх болно. Гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдаж болох боловч урт хугацааны зүйл байх ёсгүй. Монгол улс өөрийн гэсэн үйлдвэрлэл, үндэсний бүтэц салбаруудтай байж эдийн засгийн хүндрэлд бага өртдөг, дархлаа сайтай болж чадна.
Үндэсний компануидыг сэргээх бодлогыг өнөөдөр ярихгүй байгаад гайхдаг. Тэд л монгол улсыг хэдэн арав, зуун жилээр авч явна. Бид хэдий болтол гадны гэсэн тодотголоор гоёх вэ, тэд биднийг мөнхөд тэжээхгүй гэдгийг хатуу ойлгох цаг нь болсон.
-Засгийн газар дахин бонд гаргахаар ярилцаж өрөө дарахаар зорьж байгааг та юу хэлэх вэ?
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл биднээс болсон. Чингис бонд, Самурай бондоо буруу зарцуулсан. Мөнгө нь байсан ч улс оны эдийн засгийг хөгжүүлэх үйлдвэржилтийн бодлого, төслүүд байгаагүй учир бэлэн байсан зам, барилга бүтээн байгуулалтад зарцуулсан гэж би хувьдаа үздэг.
Одоо бонд гаргах, өрийн босгыг нэмэхээр ярьж байна. Дахиад л юунд зарцуулах вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Чингис бондын зарцуулалтын алдааг давтвал дараагийн хүндрэлийг авчирна.
Өөр нэг хувилбар нь засгийн газрын өрийг нэмэгдүүлэлгүйгээр бизнес эрхлэгчдэд гадаад дотоодын зах зээлээс эх үүсвэр босгоход нь төр баталгаа гаргах боломж юм. Энэ нь өрийг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн дарамт нь төсөв ард түмэнд дарамт болохгүй сонголт байж болох юм.
Уг нь бидний нэн тэргүүнд эрэлхийлэх шаардлагатай хувилбар нь энэхүү хүндрэлийг давахын тулд мөнгөний бодлогоор дамжуулж хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжсэн, хэрэглээг танасан мөнгөн зөв бүтцийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Нөгөө талд нь төсвийн бодлогоор дамжуулж төрийн бүтцийг зөв болгох, урсгал зардлыг танахын зэрэгцээ гадаад дотоодын хөрөнгө оруулалт бизнесийг дэмжсэн төсөв сангийн бодлогыг явуулах нь зүйтэй.