БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол анхны томилолтоо тєрсєн нутаг Отгонтэнгэрийн орноос эхэллээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол анхны томилолтоо шинэ оны эхний амралтын өдрүүдийг тааруулан өөрийн төрсөн нутаг, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байгаа Завхан аймгаасаа эхэллээ.
Сайдын баг эхлээд Завханчуудын төдийгүй монголчуудын буян заяаг дааж явдаг цаст Очирваань хайрханы өвөрт орших Отгон суманд ажиллаж, өглөө нь Отгонтэнгэр хайрханд мөргөж, буян заяагаа даатгав.
Монголчууд Отгонтэнгэр уулыг халх Монголыг даасан Очирваань бурхны газарт буусан дүр хэмээн сүслэж, 1779 оноос эхлэн тахиж иржээ. Дараа нь 1911онд Богд хаан жил бүр шашны ёсоор тахиж байгаад, 1992 оноос төрийн зарлигаар дөрвөн жилд нэг удаа тахидаг болжээ.
Харин сүүлд гарсан Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг таван жилд нэг удаа хийхээр болсон ба тахих тайх хугацаа нь 2016 он болж хойшлогджээ. Гэвч сонгуулийн жилд уул овооны тахилга хийх зэргийг хуулиар хориглосон тул энэ жил тахих асуудлаар нутгийн удирдлага Ерөнхийлөгчид хүсэлт тавиад байгаа юм байна.
Отгон сумын иргэд УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхоролыг “Цагаан уулын охин” хэмээн ихэд хүндэтгэх аж. Үнэхээр ч тэр ууландаа чин сэтгэлээсээ мөргөж, залбирч явдаг нэгэн аж. “Энэ ард түмний итгэлийг гурван удаа хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдоход, улмаар Монгол төрийн сайдаар ажиллах өндөр үүрэг, хариуцлага ногдоход цагаан уулаа шүтэж, энэ уулаа тойрон амьдарч байгаа ард түмэнтэйгээ амь нэгтэй байсны минь тус шүү дээ” хэмээн Д.Оюунхорол сайд ярьж явлаа. Түүнчлэн Цагаан уулын дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох, байгаль хамгааллыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч, бодит ажил хэрэг болгохоо УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол амласан.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол мөн Завхан аймгийн Улиастай, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдад ажиллав. Улаанбаатараас нутгийн зүг хөлгийн жолоо залах явдал замд Баянхонгор аймгийн удирдлага, салбарынхантайгаа уулзаж, ажил төрөлтэй нь танилцсан бол буцах замдаа Архангай аймгийн удирдлага, салбарынхантай уулзжээ.
Хөдөөгийн иргэдийн хувьд төсөв мөнгө хэмнэлээ хэмнэлээ гээд хүүхдийн мөнгө, Эхчүүдийн одонгийн мөнгийг хасаж болохгүйг учирлаж байв. Завхан аймгийн хойд сумдын хувьд ой мод ихтэй, амьжиргааных нь гол эх үүсвэр модны үйлдвэрлэл. Д.Оюунхорол сайдыг яамныхаа мэргэжлийн багийн хамт тэдгээр сумдад ажиллаж, ард иргэдтэй уулзах үед тэр бүс нутаг, тухайн иргэдийн модны үйлдвэрлэлд илүү нарийн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай нь харагдаж байв.
Цөлжилт, үлийн цагаан оготно, бэлчээрийн даац хэтэрсэн,модны хууль бус хулгай гэхчилэн хаа сайгүй байх бэрхшээл Завханд ч байна. Тиймээс улс орны хэмжээний энэ тулгамдсан асуудлуудыг аль болох үр дүнтэй шийдэхийн төлөө хэдийгээр богино хугацаанд боловч үр дүнтэй ажиллахын төлөө явна гэдгээ УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол иргэдтэй уулзахдаа хэлсэн юм. Иргэд ч аливааг шийднэ хэмээн зоримог хурдтай ажиллаж эхэлж буй шинэ Засгийн газар, нутгаас нь томилогдсон сайддаа итгэж найдаж буйгаа илэрхийлж байлаа.