Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо
Улсын Их Хурлын чуулганы /2014.12.25/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ж.Энхбаяр "Энэ хугацаанд СЗХ хэрхэн ажиллав гэдэг тайланг Байнгын хороо авч үзсэн үү. Эд нар юу юуг хийж чадсан, чадаагүй юм. УИХ-ын энэ харъяа байгууллагыг өргөдөл өгснөөр нь хүлээж авч байгаад сэтгэл дундуур байна. Тайлантай нь танилцахгүй, энэ салбарт хэрэгжиж байгаа бодлогын хэрэгжилтийг тооцох бололцоогүйгээр асуудал шийдээд байгаа нь учирт дутагдалтай байна."
Санхүүгийн зохицуулах хорооны харъяанд байгаа олон зуун компаниудыг хянаж шалгахаасаа илүү туслах, дэмжих бойжуулах, санхүүгийн салбарын хос хөлтэй болгох хэрэгтэй байна.
О.Баасанхүү "Төрийн ажлын авахдаа энд сайхан суудаг, гэтэл өгөхдөө өргөдөл өгсөн ч юм шиг үгүй ч юм шиг, зугтаачихсан ч юм шиг байдалтай байдаг. Үүнийг цааш цаашдаа томилгоо дээр анхаарах хэрэгтэй байна.Сүүлийн үед мөнгө хүүлэгчийн үйлдэл гаарч байна. Ялангуяа зах дээр өдрийн зээл гэдэг нэрээр хэдэн саяар зээл авдаг. Түүнээсээ хүүгээсээ хүү бодогддог. Аль хэдийн үндсэн зээлээ төлчхөөд байхад хүүндээ идэгдээд нэг бол залилангаар шоронд орох, эсвэл амиа хорлох болчхоод байна. Тиймээс ламборд, өөр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг лицензжүүлэх хэрэгтэй байна. Хэрэв лицензээ аваагүй бол шүүх дээр очоод хүү, торгуулиа нэхэх эрхгүй гэж хатуу хуульчилмаар байна.
Д.Ганбат "Үнэт цааснаас монголын ард түмэн ашгаа авдаг чиглэл рүүгээ авч явна гэдэгт найдаж байна. Барууны бодлого бол хувийн хэвшлийг дэмжих, өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн биржийг жинхэнэ ёсоор ажиллуулах утга оршиж байгаа. Одоо ажиллаж байгаа СЗХ-ын апрат чинь ерөнхийдөө ажил нь зүгширчихсэн байгаа байх. Болж өгвөл халж солилгүй ажиллаарай.
Д.Ганхуяг "Зарим гишүүд улстөржсөн шинжтэй үг хэлээд байна. Өргөдлөө өмнөх удирдлага өгсөн. Эдгээр хүмүүсийн хийсэн хамгийн үр өгөөжтэйгөөс нь ярих юм бол Монголын хөрөнгийн бирж дээр хэд хэдэн IPO хийсэн байдаг. Жишээ нь Анод банкийг IPO хийгээд, тэр жилдээ дампуурсан.Тэгэхээр УИХ өмнөх, одоогийн сандал ширээ ярихаасаа илүү ажлын үр дүн яримаар байгаа юм. Хангалттай эрхзүй байгаа. Тэгсэн хирнээ хөрөнгийн зах зээл, ББСБ нь явдаггүй. Даатгал нь бас тийм ч сайн биш л байна шүү дээ.
Д.Сумъяабазар "Санхүүгийн нарийн мэргэжлийн байгууллага. Тиймээс энэ чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүс ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ хэцүү үед Та нар энэ ажлыг авч байна. Блоомбэрг ТВ-ээр гарч байгаа Монголын хөрөнгийн биржийн мэдээллийг хархад үнэхээр өрөвдмөөр байгаа юм. Энд санаа зовох ёстой нэг зүйл бол тусгай зөвшөөрлийн асуудал байгаа. Эдийн засгийн бараг 95 хувь нь Банкны төлбөр тооцоо дээр тулгуурлаж байгаа. Сая Ж.Энхбаяр гишүүн нэг хөлтэй зах зээл байна гэж хэлсэн. Үүнтэй санал нэг байх хэрэгтэй.
Д.Батцогт "Өмнөх удирдлагууд гайхамшигтай ажилласан зүйл байхгүй. Тиймээс та нар жаахан ажиллаарай. Их чухал салбар шүү. Хууль эрхзүйн орчин нь бүрдчихсэн. Хийе гэвэл боломж та нарт бий. Аливаа ажлыг хийхэд сэтгэл гэдэг зүйл дутагддаг санагддаг. Цэнхэр, ногоон тасалбар байна. Үүний ард томоохон санхүүгийн луйврууд явсан. Ноогдол ашиг гэдэг зүйл бүүр хаягдсан. Үүнд ард түмэн гомдолтой байна.
Чуулганы хуралдаанд Байнгын хорооны саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг томилох саналыг 89,8 хувийн саналаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнийг томилох саналыг 95 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Э.Батболдыг томилох саналыг 90 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Д.Ганбатыг томилох саналыг 91,5 хувиар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ж.Цэдэнрагчааг томилох саналыг 94,8 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа