Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Ардын Намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
2014.12.10

Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө

Ардчилал хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны энэ өдөр Монгол Ардын Намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Уламжлал ёсоор өнөөдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын удирдлагууд, мөн ОБЕГ-ын дэд дарга Д.Дарьсүхбаатар болон Батмөнх агсны үр хүүхэд төрөл төрөгсөд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Жамбын Батмөнх нь МУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАН-ын ЕНБД зэрэг нам, төрийн өндөр албан тушаал хашиж, Монгол орны XX зууны сүүл үеийн их бүтээн байгуулалтыг удирдан жолоодож байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хэмээн онцлоод “энэ хугацаанд Монголд ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөхөд ардчиллыг тогтоох, олон намын тогтолцоотой болох, зах зээлийн эдийн засагт шилжих гэсэн шаардлагуудыг зөв зүйтэйгээр хүлээн авч, залуучуудтай ойлголцож ямар нэг зөрчилдөөн үүсгэхгүй тайван замаар ардчилалтай золгуулсан нь бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд үлгэр жишээ болж чадсан гэж гадны нэр хүндтэй олон улс төрчид үнэлж, дүгнэдэг” гэдгийг хэллээ.  

Өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгоход түүнийг багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тодруулбал, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн  мөчид  Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь  Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн юм.

Эгзэгтэй  үед  тэрээр түүхэн шийдвэр гаргаж,  Улс төрийн товчоог  бүрэн бүрэлдэхүүнээр  огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд үлдсэн байдаг. Үүгээрээ Монголд ардчилал бүрэн ялахад түүхэн гавьяа байгуулж, ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ. 

Ж.Батмөнх нь  Их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв.

Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.