Л.Болд “Хүний эрхийг дээдлэгч” шагнал хүртлээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2014.12.18

Л.Болд “Хүний эрхийг дээдлэгч” шагнал хүртлээ

УИХ-ын гишүүн Л.Болд хүний эрхийн төлөөх Монголын Эмнести Интернэйшнл байгууллагын дээд шагнал болох “Хүний эрхийг дээдлэгч” шагналыг хүртлээ. 

Уг шагналыг хүний эрхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гишүүддээ олгодог юм байна. Л.Болд нь 1992 онд тус байгууллагыг Монголд үүсгэн байгуулахад идэвх, санаачилгатай оролцсон хүмүүсийн нэг аж. Түүнчлэн 1994 онд албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлэхэд анхны Зохицуулах хорооны даргаар сонгогдон ажиллаж байжээ.

Хүний эрхийн төлөөх олон улсын нэр хүнд байгууллагын үйл ажиллагааг Монголд эхлүүлж, энэ чиглэлд улстөрчийн байр сууринаас тууштай ажиллаж ирснийг нь ийнхүү үнэлж, Эмнести Интернэйшнл өөрийн дээд шагналаа олгосон байна. Мөн тус байгууллагын Монгол дахь салбарын анхны даргаар ажиллаж байсныг гэрчлэх дурсамжийг түүнд олгожээ.

Дээрх шагналыг гардуулах ёслол өчигдөр болсон ба энэ үеэр Монголын Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн үгэндээ “Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаандаа гадаад харилцаанд хүний эрхийн асуудлыг тусгаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан” гэж онцолсон юм. Мөн “Улстөрчид, эрх баригчид ардчилал, хүний эрхийн асуудлаар байнга ярьдаг бол Л.Болд энэ үйлсэд биечлэн оролцож ирсэн” гэж үнэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд шагнал гардах үеэрээ хүний эрх, ардчиллыг бататгах чиглэлээр цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа алхмуудын талаар санал бодлоо илэрхийлж, Монгол дахь Эмнести Интернэйшнл байгууллагын үйл ажиллагаанд амжилт хүслээ.