Ардчиллынхан 25 жилийн ойгоо тэмдэглэв
Ардчилсан хувьсгал
2014.12.08

Ардчиллынхан 25 жилийн ойгоо тэмдэглэв

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Ойг тохиолдуулан АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, тус намын гишүүд болон олон нийтийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ өдөр “Монголын ардчилсан хувьсгалын дууч” С.Цогтсайхан агсны хөшөөний нээлт болов. Хөшөөний нээлтэд УИХ- ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа болон С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, ардчиллын үе үеийн төлөөлөл, иргэд олон нийт оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд “С. Цогтсайхан агсан шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”- ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 25 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болж цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяаг үнэлж, хойч үеийнхний  бахархал болсон халуун эх орончийн дурсгалын хөшөөг бүтээсэн уран бүтээлчид, дэмжиж тусалсан бүх хүмүүст УИХ, АН-ын өмнөөс гүн талархал илэрхийлж" байгаагаа онцолж байв.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн хурал, концерт зэрэг арга хэмжээнүүд боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ- ын дарга З.Энхболд нар хүндэтгэлийн хуралд оролцсон юм. Ерөнхий сайд баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Улс үндэстний түүхийн хувьд 25 жил гэдэг маш богино хугацаа хэдий ч монголчууд ихийг амжуулсан.

Нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй тайван замаар нийгмийн тогтолцоог өөрчилж болдгийг монголчууд дэлхий дахинаа харуулсан

Нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдүүлэлгүй тайван замаар нийгмийн тогтолцоог өөрчилж болдгийг монголчууд дэлхий дахинаа харуулсан. Монголчууд улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг явуулах хэцүү замыг сонгосон ч өнөөдөр бүс нутагтаа үлгэр жишээ болж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүллээ. Одоо “Би Монголд төрсөн” гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн ололтоо “Бид Монголд үйлдвэрлэв” гэдэг эдийн засгийн эрх чөлөө, хөгжил дэвшлээрээ баяжуулах цаг биднийг хүлээж байна. Ардчилсан хувьсгал үргэлжилсээр байна” хэмээн онцолж байв