Ч.Цэвээнпүрэв: Спорт хүнд эх орноо хайрлахыг сургадаг
"Монголын дайчин" хочит Мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч. Цэвээнпүрэв
2014.12.15

Ч.Цэвээнпүрэв: Спорт хүнд эх орноо хайрлахыг сургадаг

Мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч. Цэвээнпүрэвтэй ярилцлаа.

-Тулааны спорт дотроос мэргэжлийн бокс бол маш хүнд төрөл. Та тулаан хийх бүртээ юуны төлөө гэж тулалддаг байсан бэ ?

Би Монгол гэдэг нэрийн төлөө тулалддаг. Өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлсэн гэх омогшил, үндэсний үзэл миний дотор үргэлж байдаг. Намайг Англид дэлхийн аварга болсны дараа тус улсын арилжааны сувгаар “Бид Монголыг дэлхийн талыг эзэлж байсан гэдэгт итгэж байна.

Учир нь энгийн нэг залуу нь манай аваргыг ялсан тул” гэж хэлж байсан. Ер нь спортоор дамжуулж хүн эх орноо хайрлах, улсынхаа төлөө гэх сэтгэлийг олж авдаг. “Монгол дайчин” хочтой тулалдах үед өөрийн эрхгүй эх орноороо бахархдаг. Тиймээс монголын бүх тамирчид бол “Монголын дайчин” гэж хэлмээр байна.

-Та сүүлийн үед ямар ажил хийж байна вэ. Тулаанд оролцож байна гэсэн мэдээлэл сонсогдхгүй байна ?

Би Мэргэжлийн боксын холбооны шугамаар ажиллаж, хажуугаар нь гэр бүлийн хүнтэйгээ хамтарч “Эв найрамдлын хүч” ТББ-ыг санаачилж зөв хооллолт, уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Харин сүүлийн үед монгол хүний эрүүл саруул орших талаарх номон дээр ажиллаж байна. Номоор дамжуулж монголын уламжлалт анагаах ухаан, зөв хооллолт зэргийг ард түмэндаа таниулах юм. Ер нь эртний хутагт, хувилгаадууд “Цагаан морин жилээс хойш урд хөршид арван жил бэлтгэгдсэн эр, эм хоёр мангас хүнсээр нь хордуулна” гэж хэлсэн байдаг.

 “Монгол дайчин” хочтой тулалдах үед өөрийн эрхгүй эх орноороо бахархдаг.

1990 он гарснаас хойш иргэдийн хэрэглээг хязгаарлах боломжгүй болсон. Түүнээс болж нэр үл мэдэгдэх өвчнүүд олноор гарах болсон. Тиймээс эрүүл байж эх орныхоо төлөө амьдрах ёстой.

-Таны хувьд олон жил гадаадад эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Харин эх орондоо ирэхэд улс маань хэр өөрчлөгдсөн санагдаж байна вэ ?

Би сүүлийн 20 гаруй жил Ази, Европын орнуудаар амьдарч, боксын рингэн дээр тулалдаж эх орныхоо нэрийг гаргаж байлаа.  Энэ бүхний эцэст буцаад эх орондоо ирэхэд маш их зүйл өөрчлөгдөж.  

Жишээ нь Европын татварын хууль тэр чигээрээ Монголын хууль болчихож. Бас ёс зүйн хувьд нилээд доройтсон байна. Монгол хүмүүжил, ахмадын сургааль, багшаа хүндлэх зэрэг уламжлалт соёл гэх зүйл алга. Магадгүй улс маань хөгжиж байга мэт боловч зөвхөн өнгөн тал нь. 

Гэтэл Монгол залуучуудын орон байтлаа тэр чигээрээ барууны соёлын дарайлтанд автаад байвал Монгол гэх зүйл үлдэхгүй. Мэдээж олон улсын түвшний мэдлэг эзэмших зүй ёсны хэрэг. Гэхдээ эх орноо үнэ цэнэтэй бодоход нь сургах хэрэгтэй.

"Монголын дайчин"

ЕБДС-ийн 1-5 ангид эх орноо хайрлах, ахмадын сургааль сонсох зэргээр хүүхдийг хүмүүжүүлвэл цаашдаа Монголын хөгжилд том түлхэц болдог. Арван хоёр жил сурахдаа Монгол гэх ямар ч үнэргүй төгссөн залуу  эх орондоо тогтож үлдэх сэтгэл байхгүй болчихсон байна.

-Та монгол хүнийг бусад орны хүнээс ялгарах шинжийг юу гэж боддог вэ  ?

Нүүдлийн соёлтой ард түмэн гэдгээр бид дэлхийд гайхагддаг. Байгальгай хэрхэн зохицож, шүтэлцээтэй амьдарч байгаа тэдний хувьд сонирхолтой байдаг. Учир нь суурин иргэншилтэй орноос ялгардаг нь газар, дэлхий уул усаа шүтэж амьдардаг.

Үүний баталгаа нь Японы нэгэн эрдэмтэн “Энэ дэлхий хэний ч өмч биш гэдгийг Монголчуудын амьдралаас харлаа” гэж хэлсэн. Үүн шиг байгальтайгаа зохицон амьдардаг нь бусад орны ард түмнээс ялгарах хамгийн том ялгаа юм.