С.Эрдэнэ: МСБХ-ны тамирчид өөрсдөө холбоогоо шүүхэд өгсөн
Монголын сагсан бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчид Азийн элсний спортын IV наадамд оролцох байсан ч, үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Монголын үндэсний олимпийн хороонд маргаантай асуудлаас болж албан тоот илгээсэн.
Үүнээс үүдэлтэй МҮОХ-ноос уг тамирчдыг тэмцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн талаар урьд нь бид мэдээлж байсан. Энэ талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо 50 жилийн түүхтэй, олон улсын тэмцээнд шигшээ багийг бүрдүүлж өрсөлдөх статустай холбоо. Гэтэл Азийн элсний наадамд өрсөлдөх шигшээ багийг танай холбооноос явуулахгүй байх арга хэмжээ авсан. Ямар учиртай юм бэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбооны тамирчид, дасгалжуулагчид “Манай холбоо хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Шалгаж өгнө үү” хэмээн хуулийн байгууллагад хандсан юм байна лээ. Анхан шатны шүүхээс “Яг одоо үйл ажиллагаа явуулж буй МСБХ-ний үйл ажиллагаа хууль бус” гэсэн шийдвэр гарсан. Хурлаа хий, хууль ёсны дагуу холбоогоо зохион байгуулж, үйл ажиллагаагаа явуул гэсэн шүүхийн шийдвэрийг тэд одоог хүртэл үл тоосон. Хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа бол бид тэдэнтэй маргалдаад байх шаардлага байхгүй.
-Тэд жил бүр хурал хийдэг шүү дээ?
-Сүүлийн арван жил хурал хийгээгүй. Тайлангаа ч, тавиагүй. Монголын хуулийг доромжлоод байгаа юм уу, тамирчдыг доромжлоод байгаа юм уу мэдэхгүй. Би УИХ-ын гишүүн, хууль тогтоож, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүрэгтэй хүн.
Тэр дагуу л МҮОХ-нд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, хууль зөрчсөн байгууллагын үйл ажиллагааг яагаад дэмжээд байгаа юм бэ гэсэн албан бичиг явуулсан. Элсний наадамд өрсөлдөх тамирчид ч, эрхээ цуцлуулчихсан холбооны нэрийн дор ОУ-ын тэмцээнд өрсөлдөх эрхгүй. Тиймээс Монголын үндэсний олимпийн хорооны нэр дээр явуулж болдоггүй юм уу гэсэн санал дэвшүүлсэн.
-Гол эргэлзээ үүсгээд буй асуудал бол олон улсын тэмцээнд шигшээ багаа удирдан оролцох эрх нь МСБХ-д байдаг. Гэтэл Элсний наадамд танай холбооноос өөрсдийхөө нэр дээр баг тамирчдыг явуулахын тулд заль хэрэглэж байна хэмээн ярьж байна?
-Бид ямар ч хориг тавиагүй. Дахиад хэлье. Хууль бус төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулаад байна. Хууль бус үйл ажиллагааг нь олимпийн хороо яагаад дэмжээд байгаа юм бэ. Заавал хоёр холбооны нэгнийх нь нэр дор оролцох албагүй шүү дээ. Яагаад үндэсний олимпийн хорооны нэр дээр оролцож болохгүй гэж. Эрх нь бүрэн нээлттэй байгаа л гэж мэдэгдсэн.Харин цуцлаад манай холбооны нэрийн өмнөөс оролцуул гэж ерөөсөө хэлээгүй.
-Тэгэхээр Элсний наадамд оролцох тамирчид аль холбооны нэр дээр оролцох вэ?
-Ямартай ч тамирчид Азийн элсний наадамд оролцохоор бүртгүүлчихсэн байгаа. Тэмцээнд оролцоход бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Тамирчдыг оролцоход дэмжлэг үзүүлнэ гэсэн албан ёсны хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт тавьсан. Олимпийн хороо ч зөвшөөрсөн .
Элсний наадамд оролцох гэж байгаа тамирчдад ямар нэгэн хориг, саад тотгор байхгүй. Азийн элсний наадмыг зохион байгуулах хорооноос ч бүх зүйл асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Үнэхээр цаг нь тулчихсан, санхүү мөнгө, үйл ажиллагааны гачигдалтай, дутагдалтай зүйл байгаа бол бид дэмжлэг үзүүлнэ гэдгээ тамирчдад хэлсэн. Одоо болтол хариу ирээгүй байна. Бодвол бүх асуудлаа шийдчихсэн юм байлгүй. Заавал бидний нэр орох нь албагүй. Дэмжье, тусалья л гэсэн хүсэлт тавьсан.
-Хоёр холбооны асуудал жилээс жилд хурцдах боллоо. Эсвэл нийлээд үйл ажиллагаа явуулах эсвэл тус тусдаа бие биедээ садаа болохгүй ажиллаж болдоггүй юм уу. Энэ асуудлаас болж тамирчид хохирч байна?
-Бид сагсан бөмбөгийн холбоотой ямар нэгэн албан тушаал, нэр хүнд булаацалдаад байгаа юм огт байхгүй. Ялангуяа хийсэн, бүтээснээ танайх хийгээгүй, манайх хийсэн гэж ярих утгагүй. Ийм асуудлаар бид хэрүү хийж явдаггүй. Монголын сагсан бөмбөгийн холбоо л хаа явсан газартаа гомдоллож явдаг.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо хэвлэл мэдээлэлд баримт дэлгэж мэдээлэл өгдөг. Энэ тал дээр үндэсний сагсанбөмбөгийн холбоонд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Яагаад
- Нэг нь баримттай зүйл дэлгээд байдаг. Гэтэл танай холбоог яагаад хийсэн бүтээснээ баримтаар дэлгэхгүй байна гэж?
-Сүүлийн гурван жилд Монголын сагсан бөмбөгийн холбоо юу хийв, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо юу хийсэн бэ гээд харьцуулсан тайлангаа бүх тамирчид, хэвлэл мэдээллийнхний өмнө тайлагнаж үзье л дээ. Тэгээд хэн нь илүү ажилласан, монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө юу хийснээ дүгнүүлээд явах хэрэгтэй биз дээ.
Бид бүхэн МСБХ-той ямар нэгэн байдлаар маргалдаан, сөргөлдөөн хийх сонирхол огт алга. Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө л энэ холбоог байгуулсан. Түүнээс биш хэн нэгэнтэй сөргөлдье, дээр доороо оролцъё гэж байгуулаагүй.
Монголын сагсан бөмбөгийн спортыг хэрхэн хөгжүүлэх вэ, тамирчдыг өндөр түвшинд гаргах боломжтой эсэх талаарх хамгийн оновчтой гэсэн гаргалгааг эрэлхийлж бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байна. Хэн нэгэн руу дайрч, эрх мэдлийн төлөө улайран дайрахгүй. Би өөрөө улс төрч хүн. Сагсан бөмбөгийн спортыг улс төрд ашиглаж, нэр алдар хөөж байгаагүй. Надад нэр алдар хөөгөөд спортыг түүндээ хүрэх шат гишгүүр болгох ямар ч шаардлага байхгүй.
-Та МҮСБХ-ны үйл ажиллагааг дэмжиж багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Нийт хэдэн төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн бэ? Тооцоо гаргаж үзсэн үү?
-Үзээгүй. Манай гэр бүлийн байгуулсан компаниас чамгүй их хөрөнгө гардаг. Мөн энэ спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй ивээн тэтгэгч байгууллагууд, миний найз нөхөд, маш олон хүн хөрөнгө оруулалт хийж байгаа. Гурван жилийн хугацаанд явуулж буй манай холбооны үйл ажиллагаанд зарим нэгэн санхүүгийн бэрхшээл заримдаа тулгарч л байдаг.
Гэхдээ үүнийг бид үргэлж амжилттай шийдэж ирсэн. Удахгүй үндэсний супер лигийн шинэ улирал эхлэх гэж байна. Хөрөнгө мөнгө хэрэгтэй. Хэдийгээр нийгэм эдийн засаг маань хүнд байгаа ч гэлээ ивээн тэтгэгч байгууллага, энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж явдаг хүмүүсийнхээ ачаар ямар ч асуудалгүй зохион байгуулж чадна.
-Та яагаад сагсан бөмбөгийн спортыг сонгов. Холбоог байгуулахад юу нөлөөлсөн юм бэ?
-Энэ спортын төлөө зүтгэх болсон гол шалтгаан бол миний аав. Монголын сагсан бөмбөгийн холбоог байгуулагдахаас нь эхлээд ерөнхий нарийн бичгийн дарга, холбоогоо төлөөлж Үндэсний Олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан.
Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө нойр хоолоо умартан зүтгэж байсан үе үеийн төлөөллийн нэг л дээ. Тийм учраас би бурхан болсон аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулья гэж бодож л сагсан бөмбөгийн спортыг дэмжиж ажиллаж эхэлсэн.
-Тэгвэл аавынхаа үүсгэн байгуулцаж явсан холбоотой хамтраад ажиллавал дээр биш үү?
-Бид өнгөрсөн жил нэгдэх гээд 180-аад төлөөлөгчтэй хурал хийсэн. Гэтэл манайд 12 урилга өгсөн. Тэгсэн хэрнээ 160-аад гадны хүн хуралдаа оролцуулсан. Тэднийг ямар үндэслэлээр, хэрхэн сонгосон нь огт мэдэгдээгүй. Хурлын протокол, нэрсийн жагсаалтыг ч бид нарт өгөөгүй. Шүүх хурал дээр үүнээсээ болж л тэд унасан шүү дээ. Энэ мэт асуудлаас нэгдэж чадахгүй л явна.
-Хэрвээ Монголын сагсан бөмбөгийн холбоо танай холбоонд нэгдье, хамтарч ажиллья гэсэн хүсэлт илгээвэл хүлээж авах уу?
-Хамгийн гол нь бүх үйл ажиллагаагаа бид болоод тамирчдад нээлттэй ил тод явуулаад, тамирчдын эрх ашгийн төлөө шударгаар ажиллана гэвэл нэгдэхэд бэлэн. Харин хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөө асуудалд хандах гэж байвал арай нухацтай хандана л даа.
- Их хүлээлт үүссэн асуултад хариулт өгсөн танд баярлалаа. Монголын сагсан бөмбөгийн ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
-Монголчууд сагсан бөмбөгөөр Азид ноёрхоно. Дийлдэхээ байх үе тун удахгүй ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Зөвхөн Ази гэлтгүй олон улсын томоохон уралдаан тэмцээнд бусад тивийн шилдэг багуудтай тивээ төлөөлж манайх л тоглох болно.
Монгол хүний энерги, эрч хүч, бие бялдарын хөгжил гээд бүх зүйл нь үнэхээр гайхалтай. Цаанаасаа тэнгэр язгууртай хүмүүс л дээ. Тийм учраас манай сагсан бөмбөгчид удахгүй дийлдэхээ болино. Ер нь сагсан бөмбөг гэлтгүй ямар ч, спортын төрлөөр монголчууд Ази, цаашлаад тив дэлхийд удахгүй ноёрхоно.