Ө.Энхтүвшин М.Энхболдод шүүмжлэлт ил захидал илгээлээ
Нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэлэх тухай
2014.12.09

Ө.Энхтүвшин М.Энхболдод шүүмжлэлт ил захидал илгээлээ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА

Нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэлэх тухай

Эрхэм дарга дүүгийн амрыг эрье!

Сүүлийн хоногуудад өрнөж буй үйл явдлуудыг хараад өөрийн эрхгүй үзэг, цаас ийнхүү нийлүүлэхэд хүрлээ. Тэгээд ч ойрын үед Таны өрөөнд ороход пиг дүүрэн хүнтэй байдаг болсон учир аминчилж хэлэх боломж олдсонгүй. Гол нь юу хэлэхийг хүсэв гэвэл, Та бүхэн ердөө жилийн өмнө хуралдсан намынхаа XXVII их хурлын үзэл санаа, шийдвэрийг мартсан бололтой. Эсвэл үл ойшоож байгаа ч юм шиг. Ялангуяа Их Хурал дээр боловсон хүчний бодлогын талаар юу юу ярьж тогтлоо? Санаж байна уу? Их хурал дээр:

-Нам боловсон хүчний нөөцийн бүртгэл судалгаа гаргахгүй байгаагаас цус ойртох шахсан 200 орчим хүний хүрээнд л бүх томилгоо эргэлддэг боллоо.

-Боловсон хүчнийг шилж сонгохдоо “мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна.

-Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргадаг болсон зохисгүй байдлыг даруй таслан зогсооно.

-Дээрх ноцтой алдаа, гажуудлын улмаас намын зарим залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэн нөлөө бүхий лидерийн ивээл дор ямар нэг аргаар багтах гэж зүтгэдэг, өрсөлддөг болсныг яаралтай засна;

-Дарга, даамалд улам бүр наалдахын тулд явцуу сонирхлын үүднээс, худал мэдээллийг дээш шивэгнэн удирдах нөхдийн харах мэлмий, сонсох сүвийг нь таглагч аливаа шимэгчдийн бат бөх хүрээ, хуягийг нэн даруй бяцлан хагална. Тэгж байж удирдлагыг олон түмэнтэй холбоно;

-“Боловсон хүчний томилгоонд бүс бүсийн төлөөллийг харгалздаг байя”;

-“Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, урд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүр мөсөн зогсооно. Үүнд тавих хяналтыг чангатгана”;

-“Аливаа томилгоог хэдхэн хүний хүрээнд хийдгийг халж намын олон түмний санал дээр тулгуурладаг болно”.

-“Сул орон тоо, тавигдах шаардлага, хэнийг хэрхэн томилох гэж байгаа тухай мэдээллийг нээлттэй ил тод болгоно”... гэхчлэн ярьж шийдвэрээ гаргасан.

Таныг МАН-ын даргаар сонгосон XXVII их хурлаас ийм мундаг дүгнэлтүүдийг хийж, зорилтоо тодорхойлон олон түмнийг алга ташуулсаар ажлаа өндөрлөсөн билээ. “За одоо л нэг сайхан цаг ирэх юм байна гээд их хурлын 1134 төлөөлөгч цээж тэнэгэр нутаг буцсан нь саяхан. Ийм шийдвэр гарснаас хойш яг нэг жил, нэг сарын дараа намын удирдлага Засгийн газарт анхныхаа томилгоог хийх гэж байна. Ам ажлын нэгдлийг ард түмэн харж байна. Гэтэл асуудалд хандаж байгаа Таны арга барил өмнөхөөс бүр дордох шинжтэй байна.

Миний ажигласнаар, Танд дараах дутагдлууд байна.

-Та энэхүү анхны бөгөөд хариуцлагатай томилгоо гэдгийн нарийн  утга учрыг сайн ойлгосонгүй бололтой. Өөрөөр хэлбэл, энэ томилгоо хэр зарчимтай, шударга явагдах нь дараа дараагийнхад шууд жишиг болно. Шинэ хандлага, шинэ арга барил амласан XXVII Их Хурлынх нь шийдвэр үнэхээр үнэн юм уу, эсхүл цаасан дээр үлдэх хоосон мөрүүд байв уу гэдгийг сорих анхны том шалгалт байсан юм.

-Боловсон хүчний бодлогын аливаа асуудлыг шийдэх гарын авлага болсон XXVII их хурлынхаа шийдвэрийн утга агуулгыг ч Та сайн ойшоосонгүй, судалсангүй бололтой.

-Албан тушаалыг хүнд тааруулах гэсэн өнөөх аюултай хандлага танаас сайн арилаагүй байна.

-Дарга гол бодлогыг бодно, даргын шийдвэр ер нь л зөв байдаг, тийм учир бусад нь дуугүй дагах ёстой гэсэн хуучны хандлагын амьсгаа танаас бас үнэртэж байна. Дээрх сул талууд чинь сая хэд хэдэн ноцтой алдаанд хүргэлээ. Үүнд:

Нэг. Нээлттэй, ил тод байдлыг огт хангасангүй. Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх, намуудад яаж хуваарилагдах нь вэ гэдэг асуудал хамгийн сүүлд амаргүй нөхцөлд шийдэгдсэн нь үнэн. Мөн тодорхой хүний талаар ярихад бүр хэцүү байсан нь ч бас үнэн. Гэхдээ энэ нь зөвтгөх гол шалтгаан болж чадахгүй. Засгийн газрыг хамтран байгуулах тухай, Бага Хурлын шийдвэр 6 өдрийн өмнө гарчихаад байхад боловсон хүчний бодлогыг цоо шинээр гаргаж тавих Их Хурлынхаа шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, сайд нарт ямар үндсэн шаардлага шалгуур тавих талаар гишүүдтэйгээ санал солилцож болох байсан. Тэгсэнгүй, эсвэл Та хүссэнгүй. Тантай саяхан уулзахдаа би энэ тухай асуудлыг зориуд хөндөхөд, Та: “2016 онд нэг суудал аваад ирэх боломж, бас тэгээд … гээд 2 шалгуурыг л хэлсэн. Энэ 6 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдчихвол л нам шууд олонхи болохгүй шүү дээ. Ер нь тэгээд, сайд болговол суудал авчирна, сайд болоогүй бол ялагдсан ч болно гэдэг жишиг тогтвол яана! Нөгөө Их Хурлаас зааж өгсөн гол гол шалгуурын талаар Та ам ангайхгүй байсан. Ядахдаа намын боловсон хүчний бодлогыг НУЗ хэрэгжүүлнэ гэсэн намын дүрмийн заалт байсаар атал НУЗ-ын гишүүдтэйгээ ч олигтой санал солилцоогүй бололтой юм билээ. Энэ буруу. Та ухаантай байж болно, гэхдээ ганцаараа шийдэх эрх танд байхгүй.

Хоёрт. Сая зургаан сайдыг сонгохдоо ядаж ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн болон бүс нутгийн төлөөлөл гэсэн зарчмуудыг харгалзаж болоогүй юм уу? Бүр сонирхолтой нь, энэ 6-гийн 4-ийг нь Зүүний хүчний холбооноос тодруулсан байх юм. Олон нийтийн бусад байгууллага нь яасан бэ? Цаашдаа энэ намд иймэрхүү эвсэл холбоод байгуулагдахыг дэмжиж байгаа хэрэг үү? Улмаар намыг фракциудад хуваах тал руу хандана гэсэн үг үү? “МАН-ыг нэн яаралтай чөлөөт фракциудад хуваах ёстой гэсэн санал шаардлагыг намайг МАН-ын дарга байх үед тавьж байсан хүн энэ 6 дотор байгаа учир бас тэгж асууж байна.

Манай нам хичнээн ядарсан ч одоогийн АН шиг албан тушаалын төлөөх олон фракцийн зөрчилд туйлдсан хүчин болж доройтохгүй гэдэг байр суурийг би хатуу баримталдаг бөгөөд, цаашдаа ч энэ шугам дээрээ тууштай зогсох болно. Харин таны бодол ямар байна вэ? Дэд сайд нарын бүрэлдэхүүн бас иймэрхүү байх уу? Эдгээр 4 сайдын яамд, харьяа агентлаг газруудад Зүүний хүчнийхэн тэр чигээрээ шилжин байрлах уу гэсэн асуултууд хүссэн хүсээгүй гарна даа.

Гуравт. Та Ардчилсан Намын удирдлагуудад илт хөтлөгдөж эхэллээ. “Тэр, тэр яамыг манайд яагаад ч өгөхгүй юм билээ” гэчихээд л Та суугаад байсан шүү дээ. Тэгсэн хирнээ аль яамыг авч хэнийг тавихаа олон хоногийн өмнө тэдэнтэй тохирсон юм байна гэдэг хардлага надад бас сүүлийн үед төрсөн. Үүнийгээ юугаар нотолж байгаа юм бэ? гэвэл Ардчилсан намын нэг гишүүнтэй би бооцоо тавиад алдчихаад сууж байна. Тэр нь, өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр дээрх нөхөр надтай тааралдаад танайх тэр тэр яамыг авч тийм тийм хүн сайд болно. Танай, манай дарга нар сая тохирчихлоо гэж барин тавин хэлэхэд нь, би манайхан арай ч тийм зарчимгүй биш гэж бодоод бооцоо тавьчихсан чинь 5 дахь өдрийн орой Та яг тэр нэрүүдийг гэнэт оруулаад ирж байх юм даа. Манай намын асуудал тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордны зүүн, баруун жигүүрийн II, III давхрын 2 өрөөнд шийдэгддэг болж байгаа юм байна. Хэлэх ч үг алга!

Эвсэж эхлээгүй байхад ингэж дөрлүүлж байгаа юм чинь цаашаа юу болохыг тааж мэдэхийн аргагүй л дээ. Та нар тэр тохиролцоогоо төвөггүй хэрэгжүүлэхийн тул гишүүдийг өдөржин ордонд хүлээлгэж байгаад их шөнө болсон хойно гэнэт чуулган зарлаж гэнэдүүлэн батлуулах гэж бас оролдсон чинь бүр гайхшрал төрүүлсэн.

Та “цаг байгаагүй, тэгээд ч хуулиар 14 хоногийн дотор Засгийн газрыг байгуулж өгөх заалттай шүү дээ” гэж тэдний үгийг давтан хэлэх байх. Тэр 14 хоног гэдэг чинь тийм ч чухал биш гэдгийг Их Хурлын дарга сүүлд нь нотоллоо шүү дээ. Юу гэвэл, чуулганаар 5 дахь өдрийн шөнө гэнэдүүлж батлуулах гэсэн Та нарын төлөвлөгөө нь бүтэхгүй болохыг З.Энхболд дарга ойлгомогц ямар ч тайлбар хийлгүй “За, за гишүүд нэлээд ядарсан бололтой. Дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр үргэлжлүүлэн хэлэлцье дээ гээд тараачихаж байгаа биз дээ. Үнэхээр 14 хоногт багтаана гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа бол гол субьект болох ерөнхий сайд хугацаагаа тооцож Ардын намд асуудлыг дотроо нухацтай ярих боломжийг олгох ёстой байсан. Гэтэл Ч.Сайханбилэг хамтрагч талаа анхнаасаа хүндэтгэсэнгүй, Та нар ч зүй ёсны шаардлага тавих ухаан гаргасангүй. Зүгээр л дагаад л намирчихлаа.

Дөрөвт. Таныг нам дотроо бас хэдэн хүнд хөтлөгдөөд байна гэж ярих боллоо. Та арай олон хүнтэй уулзсан бол, “парламентын хяналт устлаа, УИХ-ын дээр Засгийн газар нь гарчихлаа, Засгийн газрыг 100 хувь гаднаас томилъё гэж 2 жил хоолойгоо сөөтөл хашгирсан Монгол Ардын Нам энэ амандаа хүрэх л ёстой”, “Сайд нарыг тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг жирийн иргэдээс олонтаа сонсох байсан болов уу.

Үнэндээ, богино хугацаанд үнэхээр ажил сайжруулъя гэж бодож засагт орж байгаа юм бол, ажлаа мэддэг, салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сайдад тавиад, тэдгээр нь асуудлуудаа шууд барьж аваад тас тас хийтэл шийдээд явах хувилбарыг сонгох нь зөв байсан биз ээ. 1.5 жилийн 1 жилийг нь ажилтайгаа танилцана, учрыг нь олно гээд өнгөрөөх юм бол тэр сайд хямралын үеийн дайчин штабын удирдагч байж яасан ч чадахгүй. 4 жил байсан бол яах вэ, нэг жилийг нь дамжааны хугацаа болгож болохсон. Гэтэл, харамсалтай нь ямар үед эд нар томилогдож байгаа билээ дээ. Энэ мэтчилэн Та арай өргөн харж болоогүй юм уу?

XXVII Их Хурлаас өгсөн өөр нэг үүрэг болох боловсон хүчний нөөцийн судалгаа бүртгэлийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Зүй нь өнөөдрийнх шиг ийм асуудал гэнэт гарахад энэ том нам бэлэн байх ёстой шүү дээ. Жишээ нь Эрүүл мэндийн салбарыг толгойлох боломжтой ийм ийм 5 хүн байна, Уул уурхайн салбарын хувьд бас тийм, тийм 4 хүн байна гэхчлэн бүх салбараар гаргачихсан бэлэн нөөцтэй байх ёстой биш үү? Тэгээд томилгоо хийх үед бүгдийг нь дуудаад ярилцлага хийгээд чөлөөт өрсөлдөөнөөр тодруулах шаардлагатай гэж тогтсон шүү дээ. Ийм судалгаа байхгүйг далимдуулж өнөөх овжин этгээдүүд өөр өөрсдийнхөө кандидатуудыг шургуулж амждаг шүү дээ.

Тавд. Яах гэж, юу хийх гэж, хаанахын ямар Засгийн газарт орж байгаа юм бэ?, ахиц, өөрчлөлт гаргаж чадахгүй бол ямар хариуцлага ирэх вэ, гэх мэтийн хамгийн гол асуудлыг ойлголцох талаар энэ хугацаанд тун муу ажиллаа гэж бодож байна. АН-аас урилга ирсэн, бидэнд хадаг барьсан, хэдэн яам авах вэ, хэнийг сайд болгох вэ гэсэн асуудлыг тойроод л хэдэн хүн бужигнаад байлаа. Халуун нурман дээр ч буухаа мэдэхгүй, үсэрч л байдаг дэвхрэг шиг хүмүүс цөөнгүй байхыг энэ өдрүүдэд харлаа. Яах гэж Засагт хамтрахаа сайн ойлголцохгүйгээр, зүгээр л “аяндаа учир нь олдоно доо” хэмээн хандаж байгаа хүн цөөн биш байгаа нь цаашдаа байдлыг улам хүндрүүлнэ гэж би айж байна. Тийм ч учраас би Засагт орохыг анхнаасаа эсэргүүцсэн, тэр бодол минь өдрөөс өдөрт улам бүр итгэл үнэмшил болж байна.

Зургаан сайдтай боллоо энэ тэрээ гээд баярлаж хөөрцөглөх юм бидэнд огт байхгүй шүү. 

Бид сонгуульд ялчихаад Засгаа байгуулж байгаа бол өөр хэрэг. 

Хүний өмнөөс хариуцлага үүрэх гэж, “бохирын цэвэрлэгчийн” үүрэг гүйцэтгэх гэж ийм эрсдэлтэй алхам хийсэн шүү. 

Удахгүй Ард түмэн асар ихийг шаардана. Ам асууна. Тэр нам их хариуцлага хүлээнэ энэ нам бага хариуцлага хүлээнэ гэж олон нийт үзэх нь юу л бол? Ард түмэн бидэнд  арай зөөлөн хандана хэмээн төсөөлж байгаа бол туйлын гэнэн хэрэг, том эндүүрэл.!

Амьдрал дээшлэхгүй, өөрчлөлт гарахгүй бол өнөөх л “дэлхийн эдийн засгийн хямрал”, “алт, зэс, нүүрсний үнэ бага” гэхчлэнгийн улиг болсон юм яриад суувал бүгдээрээ ард түмний өмнө “Бүгд найрамдах”-аа уншуулахаар очих болно гэдгийг Сайд, дэд сайд болох хүмүүстээ Та сайн ойлгуулж чадаж байгаа юу?

Ажиглаад байхад, цаагуур чинь нэг л их хийрхсэн, өөрийгөө магтсан, “цээжин дотор нь горьдлогын гал дүрэлзсэн” хүмүүс л цөөнгүй алхаад байна шүү. Уг нь манай намд үлэмж чадалтай, сайхан хүмүүс асар их байгаа юм даа. Даанч Та нарын нүдэнд өртөхгүй байгаа. Тэднээсээ л цөөнийг ч гэсэн гаргаж ирвэл сайнсан.

Бас, нам ялагдаж, хүнд байдалд орсон үед чин сэтгэлээсээ хандаж байсан тоотой хэдэн хүний талаар Таныг залхтал би их ярьсан... Тиймээ? Хариу өгвөл зүгээр байна.

За ингээд, танд зөвхөн зарчмын асуудлуудыг хөндөж тавьлаа. Хувийн асуудал би тавихгүй. Одоо сайд болох гэж байгаа 6 хүний тухайд тэр нь сайн, энэ нь муу гэх юм алга. Аяндаа цаг, хугацаа хэлээд өгнө. Сайн ажиллавал дэмжинэ, золигтоод байвал хүний өөрийн гэхгүй хатуу шүүмжлэх болно. Бүр хатуу ч ярих болно. Гол хэлэх гэсэн зүйл бол, шинэ хандлага, шинэ арга барилыг тунхагласан Их Хурлын шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх бол гэж хүсэн хүлээж буй олон түмний их хүлээлтэд тоомжиргүй хандаж байна, арга барил чинь биш байна гэдгийг нөхөрсөгөөр сануулах гэсэн юм.

Танд жилийн өмнө намын даргынхаа ажлыг зарим хүнтэй марган байж шилжүүлэхдээ “М.Энхболд чадна” гэсэн дотоод сэтгэл итгэлээ чагнан гагцхүү түүндээ захирагдсан билээ.

Би Таныг сайн ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгтээ ингэж жаахан хатуухан хэлчихлээ. 

Ер нь надаас өөр Танд ингэж үнэнийг шууд хэлэх хүн ховор байхаа. Магтаал урсгаж  долигносон, оров ч гарав ч дагасан “суганы үс” шиг нөхөд өдөр тутамд хэдэн арваараа нэмэгдэх болов уу даа.

Намыг удирдаж байсан хүмүүс бие биедээ энэ зэргийн үгийг хэлэхгүй юм бол намын дарга байсны хэрэг ч юу билээ, тийм биз дээ?

Хариу өгнө үү.

АМЖИЛТ ХҮСЬЕ.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН

2014.12.06

Хувийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга С.Бямбацогт нарт.