А.Бакей: Ерөнхийлөгч МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд дэвшүүлэх хүнийхээ нэрийг ирүүлсэн
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.12.10

А.Бакей: Ерөнхийлөгч МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд дэвшүүлэх хүнийхээ нэрийг ирүүлсэн

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн орон тооны бус гишүүдийн заримынх нь ажиллах хугацаа дуусгавар болсон бөгөөд сонгон шалгаруулалт эхлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн орон тооны бус 15 гишүүний хэдийнх нь ажиллах хугацаа дууссан юм бэ. Эдгээр орон тоонд сонгон шалгаруулалт зарласан талаар та мэдээлэл өгнө үү?

МҮОНРТ-ийн тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөл нь орон тооны бус 15 гишүүнтэй байх учиртай. Эдгээр гишүүнийг зургаан жилийн хугацаатай ажиллуулдаг. Одоогоор зарим гишүүн нь өөр ажилд шилжсэн, заримынх нь хугацаа дууссантай холбоотойгоор долоон хүний орон тоо гараад байгаа.

Үүнд хуулийн дагуу зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, ямар салбарт, аль чиглэлээр ямар субъектээс нэр дэвшүүлэхийг хуульд тодорхой заасан байдаг.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монголын түүх улдамжлал, ёс заншил, соёл, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлд ажиллах хүнийг нэр дэвшүүлдэг бол эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүлзүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр нийгмийн хамгааллын төлөөллийн хүнийг УИХ-аас нэр дэвшүүлдэг.

Харин Засгийн газраас эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр нэр дэвшүүлэх ёстой.

-Эдгээр орон тоонд ямар шаардлага хангасан хүн нэр дэвших боломжтой вэ?

Дээр дурдсан чиглэлд орон тоо гарсан тохиолдолд тухайн чиглэлийн төрийн бус байгууллагууд хүнийхээ нэрийг дэвшүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага хүнээ тодруулаад, нэрийг нь дэвшүүлээд холбогдох салбар хариуцсан субъектэд буюу УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нэгэнд саналаа тавина гэсэн үг.

Харин үүнийг тухайн холбогдох газар нь хүлээж аваад УИХ, Засгийн газраас тухайн чиглэлийн төрийн бус байгууллагаас дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хуульд нийцэж байгаа эсэхийг нь хянаж үзээд Төрийн байгуулалтын байнгын хороонд нэр дэвшигчдийн нэрийг материалын хамт ирүүлэх учиртай. Харин байнгын хороо болон чуулганы хуралдаанаар тухайн хүний асуудлыг хэлэлцэж нэр дэвшигчийг томилох хуулийн дэгтэй.

-Одоогоор сул гараад байгаа орон тоод хэчнээн хүний нэр ирүүлээд байна вэ?

Сул гараад байгаа долоон орон тооны нэг нь Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх салбар байгаа бол дөрөв нь УИХ, хоёр нь Засгийн газарт хамаарч байна. Одоогийн байдлаар УИХ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн орон тоонд хүн авна гэдгээ зарласан. Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 15- ныг дуустал ийм чиглэлээр “Нэр ирүүлнэ үү” гэсэн зарлал гарсан байгаа.

УИХ-д одоогоор зургаан хүний нэр ирээд байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлэх хүнийхээ нэрийг ирүүлсэн. Харин Засгийн газраас нэрээ хараахан ирүүлээгүй байна. Нэр ирүүлэх эцсийн хугацаа энэ сарын 15- нд дуусгавар болно. Мэдээж энэ хугацаа болтол нэмж нэр ирүүлж болно. Үүний дараагаар асуудлыг Байнгын хороо, чуулганаар хэлэл- цэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Гэхдээ мэдээж нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалтан болон бусад радио телевизэд ямар нэгэн байдлаар оролцдог бол нэр дэвшүүлж болохгүй гэх мэт хуульд заасан шаардлагыг хангаагүй хүмүүсийг бүртгэхгүй.

-Өмнө нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн нэрийг дэвшүүлэхэд төрийн бус байгуулагуудын чуулган хийж байж хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлж байсан гэсэн. Гэтэл одоо өдөр тутмын сониноор зарлал тавиад л асуудлыг шийдчих гээд байгаад шүүмжлэлтэй хандах хүн олон байна. Хэдхэн сонинд гарсан зарлал төрийн бус байгууллагад хүртээмжтэй хүрч чадах уу?

Энэ талаарх мэдээллийг түгээмэл гарч байгаа цахим сайтууд болон өдөр тутмын сонинуудад Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарлал тавьсан байгаа. Зарлалыг өөрөөр яаж явуулах билээ. Төрийн бус байгууллагууд ямар арга хэлбэрээр хүнээ дэвшүүлэх вэ гэдэг нь өөрсдийнх нь л ажил. Чуулганаа хийх үү, эсвэл хуралдаад шийдчих үү гэдэг нь тэдний хэрэг шүү дээ.

-Ер нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд багтах нь ямар ач холбогдолтой юм бэ?

Мэдээж МҮОНРТ бол төрөөс санхүүжилт авдаг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүү дээ. Тийм учраас бүх төрлийн мэдээллийг иргэдэд үнэн бодитой, шуурхай хүргэх үүрэг хүлээдэг.

Харин Үндэсний зөвлөлд багтсанаар дээр дурдсан бодлого, бүтэц зохион байгуулалтыг зөв боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна төрөөс баримталж байгаа бодлоготой уялдуулах чиг үүргийг Үндэсний зөвлөлийн гишүүд төрийг төлөөлж хянаж ажилладаг гэж хэлж болно.

Тэгэхээр энэ хүмүүс хэн нэгэн захирал эсвэл МҮОНРТ-ийн удирдлага нь хууль бус ажиллаж байвал түүнийг зогсоох, цаашилбал, үнэн бодитой мэдээллийг иргэдэд хүргэх, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах гэх мэтэд гол бодлогоо чиглүүлж ажиллах учиртай. МҮОНРТ-ийн гэсэн тодотголтой бие даасан тусгай хууль бий шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг хүлээнэ л гэсэн үг.

-Та сая Үндэсний зөвлөлийн гишүүн төрийг төлөөлж ажиллах ёстой гэлээ. Төрийн жинхэнэ албан хаагч хэрвээ энэ зөвлөлд сонгогдож болохгүй юм бол яагаад заавал төрийг олон нийт төлөөлөх ёстой юм бэ?

Төрөөс мөнгө авч байгаа байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс бүтсэн хөрөнгийг төсвөөс авч, үйл ажиллагаа явуулж байгаа учраас төр эргээд чанартай, бодитой үйлчилгээ хүсэх ёстой шүү дээ.

Харин тэр үүргээ бодитой хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд Үндэсний зөвлөл хуулийн хэрэгжилтийг хангаж хяналт тавих үүднээс ажилладаг. Тиймээс төрийн гол төлөөлөл болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг төлөөлж тэнд ажиллаж байгаа хэрэг.

Гэхдээ төрөөс гаргасан хөрөнгийг хэр зэрэг үр ашигтай зарцуулж байна, цаашлаад Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг л хянана. Мэдээж алдаа гаргавал тухай бүрт нь залруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно.