МАН-ын удирдлагууд Шинэчлэлийн залуусаа баярын бичгээр шагнажээ
Тус баярын бичигт “МАН-ын бүлгийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэсэн байна.
2014.12.03

МАН-ын удирдлагууд Шинэчлэлийн залуусаа баярын бичгээр шагнажээ

ИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн удирдлагад явдаг МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан гэх залуугийн толгойлсон Шинэчлэлийн хороо МАН-д байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. 

Өнгөрөгч оны МАН-ын Их хурлаар Шинэчлэлийн хорооны үйл ажиллагаа идэвхжиж Т.Аюурсайхан Шинэчлэлийн хорооноосоо намын даргад нэр дэвшиж байсан удаатай. 

21 аймагт уулзалт зохион байгуулсан, намын гишүүдээ идэвхжүүлж цуглаан зохион байгуулсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахаар Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд гэр барьж тэмцэл зарласан гээд тус хороо багагүй хөдөлгөөнтэй нэг жилийг үджээ. 

Тэгвэл энэхүү хорооны гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж, баярлаж талархсанаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, намын дарга М.Энхболд нар илэрхийлсэн байна. Гэхдээ баярын бичиг төдийхнөөр хоёр жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг алдахгүй байсныг нь урамшуулсан аж. 

Тус баярын бичигт  “МАН-ын бүлгийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. 

Шинэчлэлийн хороонд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэн, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрх баригчдын алдаатай бодлогыг эсэргүүцэн, улс төрийн томоохон акцуудыг зохион байгуулж, идэвх зүтгэлтэй ажилласныг сайшаан тэмдэглэж байна” гэжээ. Унтаа байдалтай явсан намыг эрүүлжүүлэх, үйл ажиллагааг нь сэргээсэн залуусынхаа урмыг ганцхан талархлын бичгээр аргалчихна хэмээн тэд сэтгэсэн бололтой.