Дүүргүүдийн сайн дурын ажилтнууд үйл ажиллагаагаа танилцууллаа
Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Удвал
2014.12.01

Дүүргүүдийн сайн дурын ажилтнууд үйл ажиллагаагаа танилцууллаа

Эрүүл мэндийн сайд Нийслэлийн 6 дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг /2014.11.26/ хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 100 гаруй эрүүл мэндийн сайн дурын ажилтан хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, санал бодлоо солилцов.

Орчин үед эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд чиглэж байсан хуучны арга, ажиллагаанаас хүн рүү чиглэсэн, хүний эрүүл мэндийг дэмжихэд чиглэх болжээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өдөр тутмын зөв амьдралын зуршил, мэдлэг, дадлыг бий болгох хэрэгтэй бөгөөд ингэж чадвал нийгмийн болоод хувь хүний эрүүл мэндийн цогц асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Энэ үүднээс Эрүүл мэндийн яам эрчимтэй шинэчлэлийн бодлогоо боловсруулж иргэндээ чиглүүлэхээр болсон. Түүнчлэн 2014 онд зарим бүтээлч ажлуудыг эхлүүлсэн бөгөөд “Эрүүл мэндийн довтологоо” арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд тус уулзалтын үеэр эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудад хандан үг хэлэхдээ, “Олон түмэнд зөв мэдээллийг түгээх, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох зөв мессежүүдийг хүргэхэд эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд, та бүхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Та бүхэн эрүүл мэндийн салбарын идэвхитэй хамтран зүтгэгчид билээ” гэв.

Сайн дурын ажилтнууд нь эрүүл мэндийн талаарх төрөл бүрийн сургалт, мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаанд хамрагдаж, ард иргэдэд эрүүл ахуй, асаргаа сувилгааны чиглэлээр болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх алхмуудын талаар ойлголт мэдээлэл түгээх, амьдралын буруу хэвшлийг өөрчлөх, зөв дадалд сургахад ухуулга мэдээлэл хийдэг идэвхитнүүд юм.