Террористууд ялж байна
Терроризм хүчээ авч байна
2014.11.22

Террористууд ялж байна

Global Terrorism Index нэртэй судалгааны дүнгээр өнгөрсөн онд алан хядах ажиллагааны уршгаар амь үрэгдсэн хүний тоо 18 мянгад хүрчээ.

2001 оноос хойш 13 жилийн дотор терроризмын золиос болсон хүний тоо 5 дахин нэмэгджээ. 2014 оныг 2012 онтой харьцуулахад терроризмын үзүүлэлт 60 хувиар өссөн байна. Хамгийн их алан хядах ажиллагаа явуулдаг дөрвөн бүлэглэлд Ирак болон Сирид байрлалтай Исламын бүлэглэл, Нигерийн Боко Харам, Афганистаны Талибан болон олон оронд үйл ажиллагаа явуулдаг Аль-Кайда орж байна.

Терроризмын газар зүй

Джорж Бушийн үед олон улсын терроризмын эсрэг дайн зарлаж байсан. Энэхүү дайн Ирак, Афганистанд явуулсан цэргийн ажиллагааг оролцуулаад 4,4 их наяд долларыг америкчуудын халааснаас авчээ. Гэтэл эдүгээ алан хядагчид улам хүчирхэгжив.

Амь үрэгдэгсэдийн тоо өссөөр байна. 2000 онд 3361 байснаа 2013 онд 17958 болжээ. Гэхдээ 2007-2011 онд АНУ Иракт идэвхтэй цэргийн ажиллагаа явуулж байхад бага зэрэг буурсан. Харин 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш огцом өсчээ.

Лондон, Вашингтоны эрх баригчид сүүлийн жилүүдэд “Аль-Кайдаг” устгасан хэмээн сайрхаж байх зуур Исламын бүлэглэл нэртэй бүр ч аюултай алан хядагчид бий болов. Тэд энэ жил хэдэн хүн алсан талаар тоо баримт байхгүй ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар байдал дордохоор байна.

Судлаачдын үзэж буйгаар хамгийн их алан хядагчтай бүлэглэл нь Талибууд аж. Тэдний тоо  36-60 мянга, харин Исламын бүлэг 20 мянга, “Аль-Кайда” 3700, Боко Харам 500-9000 цэрэгтэй байна.

Амь үрэгдэгсэдийн тоо

2013 онд терроризмд дараах таван улс хамгийн ихээр хохирчээ. Үүнд Ирак, Пакистан, Сири, Афганистан, Нигер улсууд орно. 2000 оноос хойш амь үрэгдэгсэдийн зөвхөн таван хувь нь хөгжингүй орны иргэд байна.

Амь үрэгдэгсэдийн тоо өсөхөөс гадна олон улсын терроризм газар зүйн хувьд хүрээгээ тэлжээ. 2008 онд 50 хүнээ алан хядагчдын гарт алдаж байсан орны тоо 19 байсан бол 2013 онд 24 болтлоо өсчээ.

Үүний зэрэгцээ алан хядагч байгууллагуудын 80 хувь нь алга болсон. Тавьсан зорилгодоо дөнгөж 10 хувь нь хүрсэн.

Алан хядагчид хамгийн идэвхтэй байдаг 13 оронд Ангол, Бангладеш, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Зааны ясан эрэг, Эфиоп, Иран, Израйль, Мали, Мексик, Мьянме, Шри-Ланк, Уганда зэрэг улсууд орж байна.

Судлаачдын үзэж буйгаар терроризмтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь сүүлийн хагас зуун жилийн туршлагаас харахад улс төрийн зохицуулалтын арга аж.