Обамагийн байнга бохь зажилдагийн учир
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
2014.11.21

Обамагийн байнга бохь зажилдагийн учир

Ази номхон эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын уулзалт дээр В.Путин Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюаньг ороолтоор нь мөрийг нь хучиж “халамжилсан”  явдал Хятадын блогчдын дунд болон барууны хэвлэл мэдээллээр шуугиан тарив.  Түүнчлэн Америкийн сэтгүүлчдийн хараанаас Барак Обамагийн этгээд зуршил мултарсангүй. Учир нь Барак Обама дээд хэмжээний уулзалтын үеэр тасралтгүй бохь зажилж харагдав.

Уншигч та бүхэндээ Washington Post сонинд нийтлэгдсэн чухам яагаад Обама бохь зажлахаас татгалзаж чаддаггүй, энэ таагүй зуршил АНУ-ын төрийн гадаад бодлогод ямар нөлөө үзүүлж болох талаар өгүүлсэн сонирхолтой нийтлэлийг хүргэе. 

Өнгөрсөн зургадугаар сард Барак Обамагийн эмч түүнд гурав дахиа үзлэг хийжээ. Эмч тайландаа ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгаа, гэхдээ өмнө нь тамхи татдаг байснаас үлдсэн зуршлаасаа салах хэрэгтэй гэж бичжээ. Түүнчлэн Барак Обама муу зуршлаасаа бохины тусламжтай салж байгаа гэдгийг дурджээ.

Путин Хятадын тэргүүн хатагтайг ингэж халамжлав

Америкийн ерөнхийлөгч шиг бохийг идэвхтэй зажилдаг хүн тун цөөн. Обама Агаарын нисэх хүчний ажилтай танилцаж явахдаа ч, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ч, Дэлхийн хоёрдугаар дайны 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр ч бохио зажилсаар байв. Тэр байтугай Хятадад болсон Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр бохио амнаасаа авсангүй. 

Түүнийг яаж ч шүүмжилсэн ч бохиноос нь салгах боломжгүй.

Обамагийн туслахууд түүний тамхинаас татгалзах тэмцлийг амьдралынх нь гол тэмцэл болгон ярьдаг. Ерөнхийлөгч өөрөө: “Би өсвөр наснаасаа татаж эхэлсэн, удаан хугацаагаар татсан хүн тамхинаас гарах ямар хэцүү байдгийг мэднэ” гэж 2009 онд хэлж байсан билээ.

2010 онд Обамаг үзсэн эмч нар түүнийг тамхинаас гараагүй гэдгийг тайландаа бичсэн байлаа. Тэгэхэд АНУ-ын Нисэх хүчний ахмад, Цагаан ордны эмч, Джеффри Кульман тамхинаас гарахын тулд бохь зажилахыг зөвлөжээ.

Заримдаа ярьснаас бохь зажилах нь дээр

Ерөнхийлөгчийн энэхүү зовлонг тэр болгон ойлгодоггүй. Ялангуяа францууд. Нэгэн франц өөрийн твиттер хуудсандаа: “Та нар бодоод үз дээ. Обама ёслолын турш тасралтгүй бохь зажилж байх юм. Амандаа бохьтой төрийн тэргүүнүүдтэй мэндэлж байх юм. Ямар хүндлэлгүй хэрэг вэ” гэж бичжээ.

Хятадуудад ч гэсэн Ерөнхийлөгчийн завгүй эрүү таалагдсангүй. Хятадын нэгэн блогт: “Америктаа л зажилдаг юм байгаа биз. Харин Хятадын соёлд энэ бол тун таагүй зүйл” гэж бичжээ.

АНУ-ын Бүгд найрамдах намынхан Обамагийн сул талыг шүүрэн авч түүний хичнээн хариуцлагагүй гэдгийг онцлон харуулахыг оролддог. Fox News-ийн тоймч Чарльз Краутхаммер бүр ч хурцаар шүүмжлэв. Тэрээр: “Хятадууд бол дипломат ёсонд хамгийн мэдрэмжтэй, тун ёсорхуу ард түмэн. Энэ уламжлал 3000 жилийн настай. Бохь зажилах нь Хятадад үл хүндэлсний тэмдэг болдог” гэжээ.

Хэдийгээр Обамад бохь зажилах хүндэтгэх шалтгаан байгаа ч хөндлөнгөөс харсан хүнд тун эвгүй харагддаг. Жишээ нь Ерөнхийлөгчтэй нэгэн онгоцонд явсан New Yorker сэтгүүлийн ерөнхий редактор Дэвид Ремник: “Обама олны өмнө үг хэлэхдээ гарамгай ч бүх нислэгийн турш бохь зажилсан нь үнэхээр миний гайхшлыг төрүүллээ” гэж бичжээ.