Авралын од Р.Бурмаа
Саарал ордонд өчигдөр өрнөсөн үйл явдлаар авралын од болсон гишүүнээр Р.Бурмаа тодров.
Хэдийгээр Ардчилсан намын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлснийг зөвшилцөхөөр МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд тус тус саналаа хүргүүлсэн ч эвслийнхэн хүлээлт үүсгэсэн юм. Гэтэл өчигдөр “Шударга ёс” эвслийн бүлэг гэнэт шийдвэрээ гаргаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн гэх.
Харин зөвшилцөхөөс эсэргүүцсэн МАН-ын шийдвэрийг хамааралгүйгээр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох саналыг өргөн барив. Ингэснээр Ерөнхий сайдаа томилох гэж зовж буй АН-ынханд Ерөнхийлөгч аврал болов.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор үдээс хойно буюу 14:30 цагаас хэлэлцэхээр яаравчилсан юм. Гэвч товлосон хугацаанаасаа цагийн дараа хуралдахаар болсон тус байнгын хороо гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх гэж 17:30 цаг хүртэл болов.
Өөрөөр хэлбэл, есөн гишүүн танхимдаа орж ирсэн ч хуралдааныг эхлүүлэхэд 50 хувийн ирц бүрдэх шаардлагатай байсан юм. Тиймээс МАН-ын бүлгийн долоон гишүүн, “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга болон Р.Бурмаа нарыг хуралдаандаа орж ирэхийг хүлээсэн нь энэ. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнээс бүрддэг.
1.Н.Алтанхуяг /АН/
2.Д.Эрдэнэбат /АН/
3.А.Бакей /АН/
4.Р.Гончигдорж /АН/
5.Р.Бурмаа /АН/
6.М.Батчимэг /АН/
7.С.Баярцогт /АН/
8.Ч.Сайханбилэг /АН/
9.Н.Батцэрэг /Шударга ёс/
10.Л.Цог /Шударга ёс/
11.Г.Уянга /Шударга ёс/
12.Сү.Батболд /МАН/
13.Су.Батболд /МАН/
14.Ч.Хүрэлбаатар /МАН/
15.М.Энхболд /МАН/
16.Н.Энхболд /МАН/
17.Ц.Дашдорж /МАН/
18.Д.Лүндээжанцан /МАН/
19.С.Дэмбэрэл /ИЗНН/
Тиймээс танхимд орж ирсэн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, А.Бакей, Н.Батцэрэг, М.Батчимэг, С.Баярцогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нартай нэг гишүүн нэгдвэл ирц 50 хувьд хүрснээр хуралдаан эхлэх учраас тэд бусад руу утас цохиж суусан. Л.Цог гишүүний хувьд гадаадад томилолтоор яваа учраас хуралдаанд оролцох боломжгүй нь ойлгомжтой байсан. Харин Г.Уянга гишүүн утасныхаа дуудлагыг аваагүй “зугтсан” гэх.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг ямар ч байсан гийгүүлэв
МАН-ын бүлгийн долоон гишүүн хуралдаандаа анхнаасаа суухгүй гэсэн үү энэ өдөр нэг нь ч хамраа цухуйлгаагүй юм. Тэгэхээр гол найдвар Р.Бурмаа гишүүн дээр ирэв. Түүний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өмнө хуралдсан бүлгийнхээ ээлжит бус хурлаар “Ч.Сайханбилэгийг найдгүйгээр дэмжинэ биз” хэмээн ууртайгаар гарсан байдаг. Нэг үгээр хэлбэл, Р.Бурмаа гишүүн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэдэг
. Гэвч Д.Ганхуяг гишүүний “Цай уугаад тайвширчих” гэсэн үгийг Р.Бурмаа гишүүн хэрэгжүүлсэн үү, эсвэл төрийн ажлыг гацаахгүй гэсэндээ нэг гишүүний хүч, нэмэр дутагдаад байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг ямар ч байсан гийгүүлэв.
Ийнхүү ойртож эхэлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг 10 гишүүнтэйгээр хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, чуулганы хуралдаанд оруулахаар болсон юм. Тиймээс энэ өдрийн авралын одоор Р.Бурмаа гишүүнийг нэрлэх нь зүйн хэрэг биз.