Ч.Дэчингалсан: Хурлын бүтэц данхар байна
Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Дэчингалсан
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажил урагшлахгүй байна. 2014 он гарсанаар ердөө ганцхан удаа хуралдсан. Зөвхөн манай дүүрэг л төсвийн тодотголоо хийгээгүй. Хуралдая гэсэн хүсэлт тавиад гарын үсэг цуглуулаад өгөхөөр хүн дутчихлаа гэдэг.
Ямар ч мэдээлэл байхгүй, харанхуй орчинд л ажиллаж байна. Би иргэдийн төлөөлөгч болчихоод дүүргээсээ шаардлагатай мэдээллээ авч чаддаггүй. Хуралдааны бус үеэр тэргүүлэгчид заримдаа хуралддаг. Гэтэл тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг би авч үзэж чаддаггүй. Хорооныхоо нийгмийн асуудлыг шийдэх гээд яваад орохоор заргач нэр авдаг. Дүүрэг өөрөө төсөвтэй учраас хурал нь нээлттэй байх ёстой. Төсвийн тодотгол хийхгүй болохоор ямар мөнгийг юунд зарцуулаад байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл алга.
2008 оноос эхлээд бид Японы Нигата мужтай найрсаг харилцаа тогтоогоод хамтран ажиллаж ирсэн. Улмаар 2014 оны наймдугаар сард Японы 100 бизнесмен Чингэлтэй дүүрэгт ирье гэж тохирсон. Гэтэл саяхан цуцалчихлаа. Яагаад цуцалсанаа ч тайлбарлаагүй.
УИХ-ын тамгын газраас төлөөлөгч болгонд iPAD өгөөд, хурлаа цахим хэлбэрээр явуулж байя гэсэн шийдвэр гарч тусгай мөнгө төсөвлөсөн. Гэтэл зөвхөн хурлын тэргүүлэгчид л тэрийг нь авсан.
Улсын төсөв хүндхэн байхад Чингэлтэй дүүрэг дөрвөн орлогчтой байна. Удирдагууд булхайгаа дэлгэхээс айгаад хурлаа хуралдуулахгүй байна. Түүнчлэн давхар дээлтэй нөхдүүд ч байна. Засаг даргын орлогч хийдэг хүмүүсийн ихэнх нь төлөөлөгчийн давхар ажилтай. Зарцуулах төсвөө өөрийнхөө дураар гар өргүүлж байгаад баталчихдаг.
Ажлаас халагдсан хүний нийгмийн асуудлыг шийддэг нэг моод бий. Ажлын албаны гурван хүнийг ажлаас нь гаргаж тус бүр 13-20 сая төгрөгийг өгсөн. Үнэхээр ажлаа муу хийж байсан бол тийм их мөнгө өгөх шаардлага байгаа юм уу?
Хурлын бүтэц өмнөхөөсөө данхайсан. Хаа хамаагүй мэргэжлийн эрээвэр, хураавар хүмүүс цуглачихсан, юу хийгээд буйгаа мэддэггүй. Зарим төлөөлөгчид хорооны Засаг даргын ажил хийдэг. Гэтэл тэдний нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр тус бүр 30 сая төгрөг өгдөг. Энэ мөнгө мэдээж дүүргийн төсвийн мөнгөнөөс гардаг.
Түүнээс гадна дүүргийн Тамгын газар тогтвортой ажиллаж чадахгүй байна. Даргаа гурван удаа сольсон. Өөрөөр хэлбэл хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг Тамгын газар жигд ажиллахаа больсон.
Дүүрэг дээр Бизнес инкубатор төв гэж бий. Гэтэл уг төвийн дарга нь Иргэдийн хурлын төлөөлөгч байх жишээтэй. Бизнес эрхлэх гэсэн хүмүүсийг дэмжихийн оронд том жийп уначихсан явж байна.
Ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрсэн. Түүнчлэн төрийн байгууллагын иргэдэд үйлчлэх анхан шатны нэгж буюу хороод дээр ажил яаж явагдах талаар одоо болтол нэг мөр ойлголттой болоогүй. Тэд иргэдэд үйлчлэх болохоос загнах гэж ажил хийгээгүй. Дүүрэг, хороо хоёрын хооронд иргэдийг залхтал нь явуулдаг. Үүнээс болж хүмүүс маш их бухимддаг. Дүүрэг дээр ажилладаг салбарын мэргэжилтнүүд муу ажилладаг. Жишээ болгоод эрүүл мэндийн салбарыг аваад үзье. Манай дүүргийн бараг бүх хороо шилэн кабель холбогдсон. Өрхийн эмнэлгүүд нь уг кабелийг ашиглаад иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, анхан шатны шинжилгээний хариуг цахим хэлбэрээр илгээж байя гэхэд хариуцсан мэргэжилтэн нь ойлгож хүлээж авдаггүй.