Бие даагчид Галт зэвсгийн хяналтын хуульд анхаарлаа хандуулна
УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Бие даагч гишүүд долоо хоног бүр нэг хуулийн төсөлд анхаарлаа хандуулж ажилладаг уламжлалтай. Энэ дагуу чуулганаар хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуульд ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзжээ.
Галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах бус харин бүртгэл хяналтыг сайжруулах ёстой бөгөөд хөдөө нутагт ганц гэрээр өвөлждөг айлууд хоттой хонио чононд өгчихөөд гар хоосон хараад сууж болохгүй учраас энэ хуульд гишүүд анхаарлаа хандуулах ёстой гэсэн юм. Мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд анхаарлаа хандуулж ажиллахыг гишүүдээс уриаллаа.
Мөн энэ долоо хоногийн лхагва гарагт Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон, баасан гарагт ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржоос “Монгол мал” хөтөлбөрийн талаар мэдээлэл авна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцолж байлаа. Үүнээс гадна өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирээд унаж байсан Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин оруулж ирснийг бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа ажээ.
Уг хуулийн төсөлд онцгой албан татвартай зарим бараа бүтээгдэхүүний долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцох боломж бүрдэх бөгөөд ингэснээр жирийн лангуу түрээслэж Эрээнээс бараа зөөдөг хүмүүс хохирч харин томоохон бизнес эрхлэгчид хожиж байна гэсэн юм. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа ийм үед уг хуулийн төслийг өргөн барьсан нь энэ хуулийн төсөл өөрөө асуудалтай гэдгийг илтгэж гэж үзсэн байна.
Засгийн газарт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой гэсэн байр суурьтай хатуу зогсоно гэдгээ бие даагчид онцолж байв. Мөн бие даагч гишүүд төмөр замын тээврийн бодлогын асуудалд манай улс ганцхан нарийн царигтай байх бус хоёр дахь гарцтай байх ёстой хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нарийн болон өргөн царигийг хослуулах нь зөв гэдэгт санал нэгджээ.