Гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.01.17

Гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнгөрсөн Мягмар гарагийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн гурван хуулийн төслийг чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхэнд нь хэлэлцсэн. Хуулийн төслүүдийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн юм.

Хууль сахиулах байгууллагын ажилтныг гэмт хэргийг мөрдөх шалгах, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдал хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг алба хаагч буюу "хууль сахиулагч" хэмээн хуулийн төсөлд томьёолсон. Харин тэдгээр “хууль сахиулагч”-ийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах үүрэгтэй захиргаа, үйлчилгээний ажилтныг "ажилтан" гэж зааглан хуулийн төсөлд тусгасан байна.

Гишүүд “ажилтан” хэмээн хуулийн төсөлд тусгагдсан ажлын байранд ажиллах хүмүүсийн нийгмийн баталгаа, цол, зэргийн талаар нэлээд ярилсан. Хуулийн төсөлд “ажилтан”-ы эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай зэрэг холбогдох хуулиар зохицуулах ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл "нэмэлт урамшил" олгож болохоор тусгажээ. Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.