Цагдаагийн албан хаагчдын хоолны мөнгийг хассанд эсэргүүцэв
Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн албан даалгавраар цагдаагийн албан хаагчдын хоолны зардлыг багассан ажээ.
Гэвч энэ нь цагдаагийн албан хаагчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх асуудал хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлээд байгаа юм байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 дугаар тушаалаар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байдаг. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш 5000 төгрөг өгдөг байна.
Гэтэл хоолны зардлыг 2500 болгон багасгасан нь цагдаагийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь цайны газраар үйлчлүүлэхэд 2500 төгрөгөөр 3 ширхэг хуушуур л авах боломжтой бөгөөд хэмнэлтийн горимд шилжлээ гээд хүнээ бодохгүй шийдвэр гаргасан хэмээн үзжээ.
Тиймээс С.Одонтуяа гишүүн үүний эсрэг байр суурин дээр бат зогсож байгаа бөгөөд 2015 оны төсвийг хэлэлцэх үед бусад өөр зүйл дээр хэмнэлт хийж, цагдаагийн ажилчдын бүрэлдэхүүний мөнгийг хасуулахгүй байх талаар ярина гэдгээ илэрхийллээ.