2014.10.03

Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнийхөн: Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна

“Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр Чингисийн талбайд “Эх орондоо эзэн болцгооё” уриатай цуглаанаа зохион байгууллаа.

Тэдний зохион байгуулсан уг цуглаанд Монголын 40 гаруй ТББ нэгдсэн бөгөөд Төрийн дотоод хяналтыг иргэний байгууллагуудад шилжүүл гэсэн шаардлагыг УИХ, Засгийн газарт тавилаа.

“Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний үеэр тэнд цуглагсдыг цочирдуулсан, хамгийн хатуу үгсийг хэлсэн хүн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд зээл чөлөөлөх нэрийн дор залилуулан, гэр орон эд хөрөнгөө алдсаны улмаас энэ өдөр амиа золиосолно хэмээн мэдэгдэж байса иргэн Д.Батдэлгэрийн үг байлаа.

Энэ төрд, шударга бус бүхэнд гомдсон тэрбээр “Би үхэж луйварчдыг баярлуулахгүй. Улам тэмцэх болно” гэсэн нь цуглаанд оролцогчдын сэтгэлийг бүлээцүүлсэн ч түүний амнаас урсан гарч буй гашуун үнэн үгсийг толгой гудайлган хүлээн авч байв. Өөрөөр хэлбэл “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөн Төрийг, хэн нэгэн том даргыг өмөөрсөнгүй. Төрд дарлуулсан, луйварчинд дарамтлуулсан иргэн Д.Батдэлгэрийн талд байсан юм. 

“Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт 

Х.Бат-Ялалт: Өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна.

“Өнөөдөр хэлмэгдэгсдийн өдөр. Үе үеийн хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдийн өмнөөс эмгэнэл илэрхийлье.

Өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Бид яагаад заавал энэ өдрийг сонгосон бэ гэхээр Монгол Улсын төрийн эрх барьж байгаа дээд байгууллагууд, улс төрийн намууд, албан тушаалтнуудын хийсэн буруу бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын ард түмэн хэлмэгдсээр байна.

Тиймээс энэ хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө, хэлмэгдүүлэлтийг мартахын төлөө тэмцэх болно. Монгол орондоо  хүн бүхэн сайхан амьдрахын төлөө энэ цуглааныг хийж байгаа юм. Бид өнөөдөр энд тэмцэхээсээ илүү нэгдэх, хүсэл зорилгоо нэгтгэхийн төлөө цуглах ёстой гэж үзэж байна.

“Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөний дэд тэргүүн Ч.Азар 

“Өнөөдрийн засгийн газар, түүний тэргүүн Н.Алтанхуяг ард түмнийг басамжлан, доромжилж байна. Засгийн газрын тэргүүн маш худалч хүн юм аа.

Тэдний зохион байгуулсан уг цуглаанд Монголын 40 гаруй ТББ нэгдсэн

Дуртай үедээ шоронд очиж, хянагч нарыг нь жагсаачихаад сэжигтнийг гаргаж ирээд дуртай машиндаа оруулж уулзаж байдаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нартай өнөөдрөөс эхлэн албан тушаалын хариуцлага тооцож, сайн дураараа огцрохыг уриалж байна.

Монгол Улсын Засгийн газар эх орны төлөө юу хийж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар нь УИХ-аа удирдаж, илүү эрх дархтай болсон.

Бид харамсаж байна. Н.Алтанхуяг огцроход хэдэн хүний амь нас хэрэгтэй юм. Тэр хүнийг огцруулахын төлөө бид тэмцэх болно” гэлээ.

Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан

 “Монгол орон, Монголын иргэд амьд байна шүү. Би өнөөдөр гудамжинд байгаа болохоороо ажил өгсөнгүй гэж энд үг хэлээгүй ээ. Энд иргэний 40 гаруй байгууллага хамтран үгээ хэлж байна. 2005 онд бидэнтэй хамтарч үгээ хэлж байсан нөхөд өнөөдөр саарал ордонд суучихаад биднийг цонхоороо хараад инээд нь хүрч суугаа” хэмээн хэлж, өөрийн тэрэлсэн шүлгээ уншиж сонирхуулав.