Ээжүүд холбооны суулт долоо дахь өдрөө үргэлжилж байна
Өнгөрсөн долдугаар сард 21 төрийн бус байгууллага нэгдэж “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн байгуулсан билээ
2014.10.03

Ээжүүд холбооны суулт долоо дахь өдрөө үргэлжилж байна

Ээжүүд холбооныхны суулт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн долдугаар сард 21 төрийн бус байгууллага нэгдэж “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 10-нд хүргүүлсэн  шаардлагын хариуг нэхэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Ээжүүд холбооныхон энэ сарын 23-наас эхлэн суулт зарласан. 

Гэвч шаардлагын хариуг өгөхгүй байгаагаас гадна авсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас тэд тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй учир тэдний суулт ийнхүү долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид дараах шаардлагыг хүргүүлжээ.

  1. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх
  2. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний удирдлагуудыг энэ сарын 20-ны дотор хүлээн авч уулзах, УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагуудтай зөвшилцөх уулзалтыг зохион байгуулах
  3. Төрийн дотоод хяналтыг иргэний хяналтад шилжүүлэх
  4. Ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих
  5. Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэрэг гэх мэт шүүх бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргасан хэргүүдийг дахин нягтлах ажлын хэсэг байгуулах.

Харин Ерөнхий сайдад дараах шаардлагыг хүргүүлсэн байна.

  1. Засгийн газарт иргэд итгэхээ больсон. Учир нь эдийн засгийн хямрал, иргэдийн амьдрал доройтсоор байхад танай Засгийн газраас хийсэн ажил, хөтөлбөрүүд огтхон ч үр дүнгээ өгсөнгүй. Тиймээс Монгол хүний жудаг зааж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгнө үү.
  2. Бондуудын зарцуулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллэх зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна.

Тэдний суулт хийх зөвшөөрөгдсөн хугацаа ирэх сарын 3-нд дуусах бөгөөд энэ хүртэл ямар нэгэн хариу ирэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ тэд хэлж байлаа.