С.Бямбацогт: Бидний хүсэн хүлээж байсан хэмжээнд асуудал орж ирсэнгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.03

С.Бямбацогт: Бидний хүсэн хүлээж байсан хэмжээнд асуудал орж ирсэнгүй

-Танай бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар ямар шийдэлд хүрэв?

-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан боловч Ерөнхий сайдын зүгээс нэн  яаралтай горимоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар Их хуралд өргөн барьсан. Үүнийг хэлэлцэнэ.

Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулж Засгийн газрын бүтцийг эхэлж шийдэхээр болсон байгаа. Ерөнхий сайд ирээгүй учраас МАН-ын бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ ерөнхий сайдыг огцруулж ирсэн бүтэц бүрэлдэхүүн учир дутагдалтай байна.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв. Орон тоог цөөлж, төсөв зардлыг хэмнэх, давхардсан чиг үүргийг арилгах олон талын ач холбогдолтой гэж Ерөнхий сайд үзэж байгаа нь өмнө үнэхээр данхар бүтэцтэй байсан, чиг үүрэг нь давхардсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийгээ засах гэж байгаа нэг алхам. Гэсэн ч бидний хүсэн хүлээж байсан хэмжээнд асуудал орж ирсэнгүй.

ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хөдөлмөрийн яамыг ХАХНХЯ-тай нэгтгэх ёстой. Хүнээ хайрлах, халамжлах бодлогыг хамтад нь цогцоор явуулах ёстой юм. Мөн хоёр Шадар сайд байх ёсгүй гэж   үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Зөвшилцөхдөө давхар дээлтэй байж болохгүй шүү” гэдгийг хэлсэн байна лээ.

Энэ асуудлыг өнгөрсөн хавар ярьж байсан бол одоо ч гэсэн ярьж байна. Одоо давхар дээлтэй сайд хэрэв гараад ирвэл бид дэмжихгүй. Цаашид яамдын сайд нэг зөвлөхтэй, яамдын газар хэлтэс орлогч, даргагүй байх, агөнтлагууд, аймгийн Засаг дарга нар нэг орлогчтой байх хэрэгтэй. 16 яамаа 13 болгож оруулж ирснээрээ асуудлыг шийдэхгүй. Эдгээрээс хэмнэгдсэн мөнгөөрөө ард түмнийхээ цалинг нэмэх боломж бий. Манай бүлэг ийм байр суурь дээр цаашид ажиллах болно. Гэхдээ эцсийн байдпаар гарсан дүгнэлт биш. Ерөнхий сайдаас холбогдох тоо баримтуудыг авна.

-МАН-ын бүлэг хэзээ дахин хуралдах вэ?

-МАН-ын бүлгийн нэгдсэн шийдвэр гарч байж байнгын хороогоор оруулах ёстой. Ерөнхий сайдтай би одоо уулзах гэж байна. Ерөнхий сайд бидэнтэй хэзээ мэдээлэл солилцох боломжтой байна гэдгийг тодруулаад дараа нь бүлэг дахин хуралдана.

Ерөнхий сайдтай уулзахад өнөөдрийн бүлгийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгажээ.

МАН-ынхан ийм байр суурьтай байсан. Эл асуудлыг бүлгүүд хэлэлцээд үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганыг хуралдуулан шийдэх байсан ч МАН-ын энэ байр сууриас үүдэн асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Ямартаа ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдтай уулзахад өнөөдрийн бүлгийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгажээ.