Ц.Даваасүрэн: Мэргэжлийн бус хүмүүс төрийн ажлыг сүйрүүлж байна
“Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган маргааш нээлтээ хийх гэж байна. Та энэ чуулганы өнгө төрхийг хэрхэн төсөөлж байгаа вэ. Ямар асуудлуудыг чуулганаар хэлэлцүүлэх нь чухал гэж бодож байгаа вэ ?
Сүүлийн үед өнгөн талдаа түмний нэр барьж, эдийн засагт сэтгэл зовсон царай гаргах хүн олон болж.
Ийм хүмүүсийн эрх мэдэлд хүрч Засгийн газарт багтчих гэсэн хүсэл сонирхол ил гарч, улстөржих хандлага гаргасан өнгө аяс намрын чуулганд цухалзах л байх.
Гэхдээ ингэж байх хугацаа бидэнд байхгүй. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дундаасаа өнгөрлөө. Тодруулбал, сонгуулиар иргэддээ амласан амлалтууд, нийгмийн захиалгаар хийх ёстой асуудлуудаа шийдэхэд үндсэндээ нэг жилийн л хугацаа үлдсэн байна. Тиймээс Эрх зүйн зохицуулалтын асуудлыг нь энэ намрын чуулганаар хэлэлцэж шийдэх шаардлагатай.
Мөн намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэж шийдэх ёстой нэг асуудал бол Сонгуулийн тухай хууль болон Намын тухай хуулиудын өөрчлөлт юм. Эдгээр хуулиудыг хэлэлцэлгүй цаг алдаж, УИХ-ын 2016 оны сонгууль руу ойртуулах тусам УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө бодсон өөрчлөлт орох магадлал өндөр болно.
Эрх зүйн зохицуулалтын асуудлыг нь энэ намрын чуулганаар хэлэлцэж шийдэх шаардлагатай.
-Ямар өөрчлөлт?
Тухайлбал, намын нэрийн ард сонгогдох тоог нэмэгдүүлэх гэх мэт өөрчлөлтүүд орж болзошгүй.
-Чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд төмөр замын асуудал байгаа. Бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?
Улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, алс ирээдүйгээ харсан шийдлийг л гаргах ёстой гэж бид үзэж байгаа. Тодруулбал, өмнийн говийн бүтээн байгуулалтыг дэмжсэн төмөр замын гарцын зэрэгцээ, Зүүн хойд азийн худалдаа, эдийн засгийн бүс рүү чиглэсэн зүүн талын төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэх ёстой.
-Засгийн газрын тэргүүн чуулганы нээлттэй зэрэгцээд бүтцэд өөрчлөлт оруулах болсон талаараа мэдэгдсэн. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ер нь эхнээсээ Засгийн газрын бүтцийг хийхдээ үр ашиг, ажил хэрэгч байдал гэхээсээ албан тушаалын хуваарилалтад зориулсан нь үнэн шүү дээ. Тиймээс цөөрүүлж, үр ашигтай бүтцэд оруулж чадвал сайн. Харин үүнийг нь дагуулж мушгиад засгаараа тоглоод эхэлбэл, валютын ханш чинь тэнгэрт хадаж, гадаадын хөрөнгө оруулалт чинь буурч эдийн засаг сүйрэх талтай.
Цаашлаад хоёр хөршийн тэргүүн айлчлалаар ярьсан зүйлүүд чинь юу болох билээ гээд олон асуудлууд тунгаан бодож үзэж хэрэгтэй.
-Таны хувьд Засгийн газар цаашдаа хэрхэн ажиллавал үр дүнтэй вэ. Төсөв хэмнэх үүднээс бас яамдынхаа бүтцэд өөрчлөлт оруулах гэж байна?
-Бүтэц гэхээсээ илүү төрд хариуцлага, ажил хэрэгч байдал дутагдаад байх шиг. Ажил хэрэгч биш, мэргэжлийн бус хүм төрийн ажлыг сүйрүүлж байхад нам, бүлэглэл гэдгээр хаацайлдаг Эцэстээ улс орны эрх ашиг хохироод байна.
Эерэг талаас нь харвал экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 800 сая ам.доллараар нэмэгдсэн байна
Үүнийг засаж чадахгүй юм бол дараа нь ямар ч Засгийн газар гарч ирсэн бахь байдгаараа л байж байдаг шүү дээ. Манай улстөрчдөд байгаа нэг түгээмэл буруу хандлага бол эрх мэдэл, албан тушаалаа алдахаар ухаалаг, зөв шударга хүн болоод, хүрсэн хойноо хувийн ашгаа хөөгөөд гүйчихдэг явдал.
-Иргэд “Эзэн 100” хөтөлбөрт их найдвар тавьж байсан. 100 хоногийн дотор эдийн засаг сайжирна гэж төсөөлсөн. Ерөнхий сайд ч гэсэн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр 100 хоногийн дотор сайхан болгоно гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр арай өөр зүйл яриад байна. Зөвхөн эдийн засгийн орчныг сайжруулсан гэдгээ илэрхийлээд эхэллээ. Таны хувьд “Эзэн 100” хөтөлбөрт ямар дүгнэлт хийсэн бэ?
-Тайлан нь ирээгүй. Танилцаагүй байж яаж дүгнэх билээ. Намын чуулганаар тайланг нь авч хэлэлцэж, дүгнэх хэрэгтэй. Эерэг талаас нь харвал экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 800 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Гэтэл нөгөө аюул авчраад байгаа валютын ханш чинь буурч өгөхгүй, амьдралын зовлонг нэмэгдүүлсэн хэвээрээ л байна. Тиймээс бие даагчид бид төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлаа нэхнэ.
-Газрын тухай хуулийн төслийг бие даагчид дахин УИХ-аар оруулж ирэхээр болсон. Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Энэ хуулийг Х.Болорчулуун гишүүний ахалж байсан анхны ажлын хэсэг хариуцаж байсан. Олон сайн заалтуудыг нь хасаж баталсанд харамсаж байгаа. Улс орныхоо эрх ашгийг умартаж, гадны талд үйлчилж явдаг гишүүн байдаг юм байна гэдэгт итгэж чадахгүй л явцгаана.
Ийм зүйл хийсэн хүмүүсийг баримттайгаар олон нийтэд ил болгоё гэж ярилцаж байгаа. Монголын тал авах ёстой хувиа бүрэн хүртдэг, ашгийг нь нэмэгдүүлэх заалтуудыг дахин оруулсан хуулийн төслийг энэ намрын чуулганд багтаан өргөн барих бодолтой байгаа.