2014.09.29

Оны залуус Төрийн ордонд лекц уншлаа

Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сан хамтран оны залуусыг шалгаруулдаг уламжлалтай. 2013 оны Next Stop энэхүү наадмын эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “Вульф петролеум” компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж, нийгэм,улс төрийн салбарын оны залуугаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар шалгарсан билээ.

Тус наадмаас тодорсон шилдгүүд дараа оны намарт оюутан залууст зориулсан лекц уншдаг уламжлал тогтжээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөр, сэтгэлээрээ зүтгэж, хувь нэмрээ оруулж яваа салбарын салбарынхаа олон шилдэгтэй өрсөлдөн гарч ирсэн хоёр залуу өнөөдөр Төрийн ордны Их танхимд цугларсан төрийн болон төрийн бус байгууллагын залуу мэргэжилтнүүд, 1000 гаруй оюутанд өөрсдийн лекцээ уншсан юм. 

Ц.Оюундарийн “Толгойг олборлох тойм зураглал” сэдэвт илтгэлийн гол санаа нь газрын хэвлийдээ их хэмжээний баялагтай толгойнуудыг олборлож, улсыг хөгжүүлэхээс гадна хүний тархийг ашиглаж, ялангуяа урлаг, соёлын салбарын хүмүүсийн толгойг олборлож, тэдний оюун санааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж буй.

Өөрөөр хэлбэл, бүтээлч салбарыг кластерийн аргаар дэмжин хөгжүүлбэл уул уурхайгаас дутуугүй ажлын байр бий болж, байгальд ээлтэй хөгжлийг бүтээж болох тухайд лекцээ толилууллаа.

Урлагийг эдийн засагжуулах түүний илтгэл манай улсад өнөөдөр тулгар ч буй шинэ сэдэв. Бүтээлч салбарыг хууль эрх зүйн орчин, боловсон хүчин, сэтгэлгээ талаас төрөөс тодорхой бодлогоор дэмжин хэрэгжүүлэхийн чухлыг хэлээд энэхүү үйлсэд эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүчин зүтгэхээ тэмдэглэсэн.