“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн маргааш болно
2014.09.16

“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн маргааш болно

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг 09 дүгээр сарын 17-ны өдөр  09 цагаас Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Улаанбаатар хот 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авдаг болох томоохон зорилтыг тавьсан.

Энэхүү зорилтод хүрэх  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг зөвлөгөөний үеэр оролцогчдод танилцуулна. Мөн нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг төрийн байгууллагын ажилтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ.

Энэ үеэр цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөх юм. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.