Б.Эрдэнэчимэг: Хөрөнгө оруулалт хийвэл аялал жуулчлал хөгжих боломжтой
Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төвийн маркетингийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Түүнтэй Тэнгэр травел компаниас зохион байгуулсан БНХАУ-ын Санья хотын аялал жуулчлалын газартай хамтран Санья хотыг танилцуулсан танилцуулгын үеэр уулзлаа.
-Манай оронд энэ жил хичнээн жуулчин ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ. Сүүлийн жилүүдэд багасч байгаа судалгаа байсан?
Манай төвөөс жуулчдын статистик мэдээллийг гаргадаг. Тус мэдээллээс харахад өнгөрсөн онд Монголд ирсэн жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.
2013 онд манай улс 417 мянга 815 жуулчин хүлээн авчээ
Ерөнхийдөө манай улсад жилд 400 мянган жуулчид ирдэг. Үүнээс ихэнхи хувийг Хятад, Орос зэрэг хөрш орнуудын жуулчид эзэлдэг. Монголчуудын хувьд гэвэл гадагшаа жуулчлах нь ихэсч байгаа. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд дулаан орныг зорьж, хотын утаанаас холдож, арлын орнууд руу аялах болсон.
-Гадны жуулчдыг татахын тулд танай төвөөс ямар арга хэмжээ зохион явуулдаг вэ. Дэлхийд монголоо хэрхэн сурталчилж байна вэ?
Манай төвөөс олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд компаниудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж оролцуулдаг. Энэ бол аялал жуулчлалын салбарын хувьд томоохон зар сурталчилгаа болж чаддаг. Мөн бид дотооддоо аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулах, сурталчлах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Манай төв бол Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа төрийн өмчит үйлдвэрийн газар. Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн зохион байгуулах, сургалт судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлээр ажилладаг.
-Төсөл хөтөлбөрүүдээс хамгийн томыг нэрлээч?
Хамгийн сүүлийн үеийн төсөл гэвэл аялал жуулчлалын зам дагуух амрах цэгийн маршрутыг гаргаад, түүнийхээ төслийг нь бэлэн болгочихсон байгаа. Санхүүжилтыг нь шийдвэрлэх түвшинд яригдаад явж байгаа.
-Бусад үйл ажиллагааны хувьд?
Манай аялал жуулчлалын төв яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр
Корпорэйт зочид буудал
зочид буудлын зэрэглэл тогтоох ажлыг хийж гүйцэтгэж байгаа. 2014 оны хувьд шинээр зургаан зочид буудал одны зэрэглэл авсан бөгөөд Монгол улсын хэмжээнд 1-5 одны зэрэглэлтэй нийт 66 зочид буудал бий болоод байна.
-Аялал жуулчлалын салбарыг илүү өргөн хөгжүүлэхэд танай байгууллагын хувьд юу дутагдалтай байна гэж үздэг вэ?
Манай төв нь төрөөс санхүүжилт авдаггүй, өөрсдийн үйл ажиллагаанаас санхүүждэг учраас бид үүндээ багтааж үйл ажиллагаагаа зохион байгуулдаг.
Мөн дээр нь аялал жуулчлалын салбарт төрөөс хуваарилж байгаа төсөв бага учраас яамны зүгээс ч томоохон хөрөнгө шаардах төслүүдийг шийдвэрлэж чаддаггүй. Уг нь аялал жуулчлалын салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлж хөрөнгө оруулалт хийвэл аялал жуулчлал Монголд илүү хөгжих боломжтой.