Ц.Даваасүрэн: Нэг хүүхдэд 1 сая 300 мянган төгрөг гэж тооцож байгаа
Цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэртээ үйлдэж байгаа хүүхдийн эрх ашгийн төлөө УИХ-ын зарим гишүүд “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан ч шийдэгдэхгүй хоёр жил болж байгаа юм. Хэрэв энэ хуулийг ирэх Намрын чуулганаар амжиж батлахгүй бол олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна.
Монголд 2-5 насны арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдог үлдэж байна. Цоожтой хаалганы цаана хүүхэд өлсөх, хараа хяналтгүйн улмаас гал цахилгааны аюулд орох зэрэг эрсдэл их байдаг.
Нөгөө талаар эцэг эхчүүдийн хувьд хүүхэд харах хүнгүй улмаас ажлаа хийж чадахгүй хүрээд байгаа нь тухайн өрхийн санхүүд хүндээр тусч байгаа юм. Тиймээс “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг яаралтай батлах хэрэгтэй гэж хууль санаачлагчид үзэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Хэрэв хууль батлагдвал нэг хүүхдэд 1 сая 300 мянган төгрөг гэж тооцож байгаа. Одоогийн байдлаар үйлчилгээнд 29 мянга орчим хүүхэд хамрагдана гэж үзэж байгаа. Хэрэв ингэхгүйгээр тэдгээр хүүхдүүдэд цэцэрлэг барьж өгнө гэвэл үүнээс илүү төсөв шаардлагатай юм” гэв.
Монголд 800 цэцэрлэг барих шаардлагатай.
Хэдийгээр төр сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж амалсан байдаг боловч өсөн нэмэгдэж байгаа хүн амын бодит хэрэгцээг төр хангаж чадахгүй байна. Тиймээс сүүлийн гурван жилд хувийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлого явуулсан нь үр дүнгээ өгч цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 10 гаруй мянгаар өссөн байна.