2014.08.15
“Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа.
Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар
- Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.
- Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
- Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон стандарт, дүрэм, журмыг шинэчилж, боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ.
Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын харицлага дээшилнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.