Шилийн гол аймгийн уламжлалт цагаан идээний анхдугаар хуралд Монгол Улсын төлөөлөл оролцлоо
Хурлын үеэр хоёр улсын сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан нь Өвөрмонголын ард иргэдийн талархлыг хүлээсэн юм
2014.08.11

Шилийн гол аймгийн уламжлалт цагаан идээний анхдугаар хуралд Монгол Улсын төлөөлөл оролцлоо

Шилийн гол аймгийн төв нь Шилийн хот. Тус аймгийн эдийн засаг нь уул уурхайхөдөө аж ахуйдтулгуурлана. Шилийн гол аймаг нь хойд талаарааМонгол улс, зүүн талаараа ӨМӨЗО-ны Улаанхад,ТонгляоХянган, баруун талаараа Улаанцав, өмнө талаараа Хэбэй мужтай хиллэнэ.Нийт 1 036 000 хүн амтай. Монгол үндэстэн 30 хувийг эзэлнэ. Гол онцлог нь:

  1. Газар нутаг уудам. Нийт 202580 км² газар нутагтай. Шим тэжээллэг бэлчээртэй.
  2. Баялаг ихтэй. Тус аймгийн жилд борлуулах малын тоо толгой 8 сая гаруй бөгөөд малын ашиг шимийн улсын чухал суурин газар болно. Нүүрс, газрын тос  зэрэг уул уурхайн баялаг их.
  3. Соёлын онцлогтой. Монгол үндэстний соёлыг бүрэн дээдэлж уламжилж ирсэн ард түмэн.
  4. Төрийн тэтгэмжийн бодлогыг хүртэж байна. Баруун хойд орныг нээн хөгжүүлэх, зүүн хойд хуучин үйлдвэрийн суурин газрыг тэтгэх, цөөн тоот үндэстний газар орны хөгжилтийг тэтгэх зэрэг төрийн тэтгэмжийн бодлогыг хүртэж байна.   

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шилийн хотод 2014 оны долдугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Уламжлалт цагаан идээний анхдугаар хурал болов.

Тус хуралд төлөөлөл 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо

Тус хуралд Монгол Улсаас Монголын Хүнсчдийн Холбоо, Сүү үйлдвэрлэлийн хөгжлийн төв, Сүү ХК, ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургууль, ОХУ-ын Дорнод сибирийн технологийн  дээд сургуулийн Монгол дахь салбар, “Адра Монгол” олон улсын байгууллага, Монгол малчин сэтгүүлийн редакцийн төлөөлөл 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Шилийн гол аймгийн Уламжлалт цагаан идээний нийгэмлэг бол Шилийн гол аймгийн захиргааны удирдлага дахь аймгийн ардын явдлын газрын зөвшөөрлөөр байгуулагдсан нийгмийн бүлгэм юм. Тус нийгэмлэг нь Шилийн гол аймгийн уламжлалт цагаан идээ үйлдвэрлэгч нийгэмлэгийн гишүүнд үйлчилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцон судалгаа явуулж санал зөвлөгөөг тусган уялдаа холбоог чангатгаж, нийгэмлэгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж, нийгэмлэгийн гишүүн болон засаг захиргааны хооронд гүүр болж уламжлалт цагаан идээний чанарыг баталж хөгжүүлэлтийг нь ахиулдаг.

Хурлыг нээж Шилийн гол аймгийн Сүү цагаан идээний нийгэмлэгийн захирал Жоу Шен үг хэлж Монгол Улсын төлөөлөгчид үг хэлж дурсгалын зүйлс гардуулав. Хурлаар уламжлалт цагаан идээ үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон салбарын эрдэмтдийн судалгааг танилцуулсан юм.

Ялангуяа Өвөрмонголын их сургуулийн доктор Мөнхбилэгийн судалгаа анхаарал татлаа. Тэрээр бүх монгол угсаатны /Монгол, Халимаг, Тува, Буриад, Дээд монгол, Өвөр монгол/ уламжлалт цагаан идээ боловсруулах арга, технологийг судалж тэдгээрийн хөрөнгөний 5000 гаруй цэвэр өсгөврийг ялган авч сан байгуулсан байна. Монгол улсаас ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Бүтээгдэхүүн судлалын тэнхимийн эрхлэгч, доктор М.Нарангэрэл “Монгол улсын уламжлалт цагаан идээ үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавилаа

Хурлын үеэр хоёр улсын сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан нь Өвөрмонголын ард иргэдийн талархлыг хүлээсэн юм.

Хуралд оролцогсод Шилийн хотод Илий сүүний үйлдвэр, Уламжлалт цагаан идээний “Ээж” үйлдвэр, Авга хошууны уламжлалт цагаан идээний үйлдвэртэй танилцлаа.