Б.Буян-өлзий: Иргэд харилцаа холбооны үйлчилгээг байршил, амжиргааны түвшингээс үл хамааран хүртэх ёстой
МТШХХГ-ын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Б.Буян-Өлзийтэй ярилцлаа.
Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Сангийнхаа тухай товч танилцуулна уу?
Манай сан нь “Харилцаа холбооны тухай” хууль, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн хүрээнд 2006 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Манай сангийн зорилго нь алслагдсан үйлчилгээ хүрээгүй хөдөө орон нутгийн ард иргэдэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүргэх юм. Иргэд маань мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг байршил, амжиргааны түвшингээс үл хамааран адилхан хүртэх ёстой.
Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээ гэж юуг хэлээд байна вэ?
Үүнд үүрэн холбоо, интернэт, шуудан, радио телевиз, судалгаа, сурталчилгаа ордог. Энэ таван чиглэлээр сангийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас нэрлэвэл?
Бүх сумдад шуудангийн үйлчилгээний хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлж, Булган аймгийн Хануйн рашаан, Сүхбаатар аймгийн Бичигтийн хилийн боомт, Увс аймгийн Хар тарвагатайн уурхай, Хар тэрмэсийн рашаан, Өмнөговь аймгийн Шивээхүрэн баг гэх мэт 100 гаруй алслагдсан сум, суурин газарт харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлж үүрэн холбооны үйлчилгээг хүргэсэн.
Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Дорнод аймгийн Гурванзагал сум, Баянхонгор аймгийн Жаргалант зэрэг 118 сумдад интернэтийн үйлчилгээг хүргээд байна. Мөн хөдөө орон нутгийн шилэн кабельд холбогдсон нийт сум, суурин газруудад интернэтийн үнийг 2 дахин бууруулж, хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн.
Интернэтийн үнийг 2 дахин бууруулж, хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн гэдгээ тодруулахгүй юу?
Шинэчлэлийн Засгийн газрын интернэтийн үнийг бууруулах бодлогын хүрээнд аймаг, сумдын түвшин дэх иргэдийн интернэт болон мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн иргэдэд цахим үйлчилгээг хүргэх боломжийг ижил түвшинд хүргэлээ. Тухайлбал хот хоорондын интернэтийн урсгалыг түрээслэх тариф 320 мянган төгрөг байсныг 160 мянган төгрөг болгосон.
Жишээ нь: МЦХ ХК-ны хувьд өрхөд 128кв-ийг 20 мянган төгрөөр авдаг байсан бол одоо 300кв-ийг 16 мянган төгрөгөөр авч байгаа. Улсын хэмжээнд орон нутагт 7 интернэтийн компани үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нийт 51 803 хэрэглэгч хөнгөлттэй үнээр үйлчилгээ авч байна.
Ямар хэрэгцээ шаардлагад үндэслэж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг юм бэ?
Аймаг орон нутгийн иргэд, УИХ-ын гишүүд, харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас маш их санал, хүсэлтүүд ирдэг.
Ирүүлсэн саналуудыг судалж боловсруулан сангийн орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүдэд танилцуулан санал, зөвлөмжийг төлөвлөгөөнд тусган Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжүүлж ажилладаг.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтаа хаанаас авдаг вэ? Улсын төсвөөс үү?
Үгүй ээ. “Харилцаа холбооны тухай” хууль, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн хүрээнд харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас албан татварт ногдох орлогын 2 хувиар эх үүсвэрээ бүрдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт хэдэн байгууллагууд байдаг юм бэ?
Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч Жи-мобайл ХХК, Ди эйч эл ХХК, Скайнэтворк ХХК, Сансар кабель ХХК зэрэг нийт 534 байгууллага байдаг.
Нууц биш бол хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг байгууллагыг нэрлэж болох уу?
Манай үүрэн холбооны 4 оператор компани манлайлж ажилладаг.
Алслагдсан сум суурин газрын иргэдэд харилцаа холбооны үйлчилгээг хүргэхэд дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн хүндрэл их байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Манай орны нутаг дэвсгэрийн онцлог байдлаас шалтгаалан алслагдсан орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ хүргэх нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгуулагуудад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг.
Энэхүү хүндрэл нь бусад орнуудад ч тулгардаг ба олон улсын жишгээр бол манай сангийн үйл ажиллагаатай ижил чиг үүрэг бүхий байгууллагаар дамжуулан шийдвэрлэдэг. Мөн улсынхаа төсвөөс нэмж дэмжлэг үзүүлдэг.
Манай орны хувьд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаар дамжуулан хэрэгжүүлж байгаа. Цаашид шаардлагатай дэд бүтцийг улсын төсвөөр шийдвэрлэн урсгал зардлыг сангийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зөв юм боловуу гэж үзэж байна.
Энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж буй томоохон ямар ажлууд байна вэ?
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл А зэрэглэлийн зам дагуу үүрэн холбооны 3G технологиор тасралтгүй сүлжээг байгуулах, орон нутгийн ард иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны боловсрол олгох, сумдын харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах, дархан цаазат болон аялал жуучлалын бүс нутаг болох Бурхан халдун уул, Алтай таванбогд, Сэлэнгэ мөрний Гуртын гүүрний дэргэд Мал эмнэлэг, хорио цээрийн улсын хэмжээний онцгой объект, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум /цаатан иргэд/, Ульхан манхан хилийн боомт зэрэг газарт үүрэн холбооны үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна даа.