Ц.Жадамбаа: Цэцэрлэгийн бүртгэлийг ТҮЦ машинаар хийвэл хүнд суртал, авилгал буурна
МТШХХГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох, Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслийн хэвлэлийн хурал хийв
2014.06.25

Ц.Жадамбаа: Цэцэрлэгийн бүртгэлийг ТҮЦ машинаар хийвэл хүнд суртал, авилгал буурна

Өнөөдөр МТШХХГ-аас “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох, Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслийн хэвлэлийн хурал хийж, шинэ үйлчилгээг танилцууллаа.

Энэ үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаагааc дараах асуудлыг тодрууллаа.  

-ТҮЦ машин цаашид ямар үйлчилгээг иргэдэд үзүүлэх вэ. Төрийн хүнд суртлыг хэр багасгаж байна вэ?

2013 оны 6 сарын 19-нд анх улаанбаатар хотод 19 ТҮЦ машиныг суурилуулж, анхны нээлтийн ажиллагааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч баянхошуунд хийж байсан. Тэр үеэс хойш одоогийн байдлаар нийт 80 машиныг суурилуулаад байна.

Өмнө нь иргэд төрийн үйлчилгээг авахад дор хая 30 минут зарцуулж байсан бол одоо 5 минутын дотор ТҮЦ машинаас авч байгаа. Өнөөдөр нийт 18 үйлчилгээг үзүүлж байна. Цаашид төрийн байгууллагуудтай хамтраад олон үйлчилгээг цахим машин руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Зарим байгууллагууд ТҮЦ машины лавлагаа, баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

Жишээ нь Хаан банк цахим машинаас гарсан тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас өнөөдөр QR нууцлалыг танилцуулж байгаа юм. Энэхүү кодыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хэрэглэдэг. Ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй.

Үнэт цаасыг сканнераар уншуулахад соёмбо үсгийн баталгаажилт

харагддаг нь иргэний үнэмлэхтэй адилхан баталгаатай гэсэн үг. Магадгүй зарим байгууллагууд эдгээр мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шинэчлэлийн засгийн газрыг дэмжихгүй байна.

-Өөр хүнд сурталтай төрийн үйлчилгээг сайжруулах талаар ярьж байна?

Гадаад паспортын захиалгыг аваад шуудантай ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээг хийлгэхээр болсон. Мэдээллэл технологийн давуу талыг ашиглаад иргэдэд үйлчилгээг хялбарчилж байна. Одоо бид олон төрийн байгууллагуудын үйлчилгээг ТҮЦ болгооч гэж хамтран ажиллах саналуудаа тавиад явж байгаа.

Жишээлбэл Боловсролын яаманд цэцэрлэгийн хүүхэд бүртгэлийн асуудлыг ТҮЦ болгох саналыг тавьсан. Ургамалцэцэг дэд сайдтай ажиллаж байгаа. Жил бүр цэцэрлэгийн бүртгэлтэй их ээдрээтэй байдаг. Энэ шийдэл амжилттай болвол 2014 ондоо багтаад цэцэрлэгийн бүртгэлийн тухайн дүүрэгт байрлаж байгаа ТҮЦ машинаар дамжих боломж бүрдэнэ. Ингэснээр хүнд суртлыг арилгах, шударга байдлыг бий болгох, төр шуурхай ажиллах болно хэмээсэн юм.

Цахим үнэмлэхээ дахин захиалахдаа ТҮЦ машинд хандах боломжтой

Үнэхээр оочир дараалал, хүнд суртлыг багасгаж байгаа ТҮЦ машинд иргэд талархалтай байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар Улсын

УБЕГ-ын Ц.Пүрэвдорж

бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж эд хөрөнгийн мэдээлэл, хуулийн этгээдийн лавлагаа, цахим үнэмлэхийг хоёр дох авах болон сунгуулах захиалгыг ТҮЦ машинаар хийх боломжтой болсныг мэдээлсэн юм.

Өмнө нь хуулийн этгээдийн тухай лавлагааг УБЕГ-т гурван өдөр хүлээсний эцэст авдаг байсан бол гурван минутын дотор авах боломжтой болжээ.  Харин иргэний үнэмлэхээ хаясан гээсэн, дахин авах, сунгуулах хүсэлтэй иргэд цахим машинаар дамжуулан захиалгаа өгч, гурав хоногийн дараа харьяа дүүрэг, аймаг, хороодоос авах ажээ.

Гэхдээ 16 нас хүрч анх удаа цахим үнэмлэх авах гэж байгаа бол хурууны хээ болон бусад мэдээллээ зайлшгүй өгөх шаардлагатай тул бүртгэлийн газар очиж авах шаардлагатай гэсэн.

Энэхүү төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд хийгдсэн бас нэг ажил нь гаалийн байгууллагын лавлагаа мэдээллийг ТҮЦ машинд холбожээ.

Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх лавлагаа болон улсын хилээр оруулж гаргасан барааны жагсаалтын үйлчилгээг цахим үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байгаа эхний ээлжинд өртэй эсэх лавлагааг холбосон байна.

Энэхүү лавлагаа нь зээл авах болон тендерт оролцоход зайлшгүй хэрэгтэй байдаг ажээ.