С.Бямбацогт: Засгийн газрын дутуу боловсруулсан хуулиудад өөрчлөлт оруулах гэж маш их хугацаа алдлаа
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын хаврын чуулганг дүгнэж мэдээлэл хийсэн.
Энэ үеэр бүлгийн дарга С.Бямбацогтоос сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Засгийн газрыг хуудуутай, дутуу дулимаг хууль оруулж ирдэг хэмээн шүүмжилж байна. Тухайлбал ямар, ямар хуулийн төслийг нэрлэж болох вэ?
-Засгийн газраас нэлээн олон хуулийн төсөл өргөн барьсан. Тэдгээр хуулиудыг УИХ дээр хэлэлцээд 60 хувьд нь өөрчлөлт оруулж байсан. Энэ нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн чанар ямар байгааг илтгэнэ.
Үүнээс гадна Засгийн газраас оруулж ирсэн дутуу боловсруулсан хуулиудад өөрчлөлт оруулах гэж маш их хугацаа алддаг. Тухайлбал, Хяналтын тухай хуулийг гурван удаа буцаасан.
Гэтэл дахин, дахин өргөн барьсаар байгаад одоо хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. Мөн Газрын тухай хууль. Гадаадын иргэнд газрыг эзэмшүүлье, бэлчээр болон газар тариалангийн газрыг өмчлүүлье гэсэн. Гэтэл энэ нь ард иргэдийн маш том эсэргүүцэлтэй тулгарсан биз дээ.
-УИХ дахь МАН-ын бүлэг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх үед дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч зарим гишүүд дэмжсэн. Үүний цаана ямар нэгэн тохироо яваад байна уу?
-Буруу ойлголттой байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхэд УИХ-дахь МАН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.
Түүнийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна, гол нь “Давхар дээл”-тэй нэг сайдыг чөлөөлчихөөд дахиад давхар дээлтэй сайд төрүүлэх боломжгүй гэсэн.
Энэ нь хурлын протколд ч тэмдэглэгдсэн байх.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед “Үндсэн хуультай зөрчилдсөн асуудлаар санал хураалтад оролцох боломжгүй” гээд 100 хувь нэг байр суурьтай байсан.
Зөвхөн энэ асуудал дээр ч биш, олон асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр суурь нэг байсныг удаа дараагийн үйдлээс харсан болов уу. Тухайлбал, өнгөрсөн УИХ-ын намрын чуулганыг хугацаанаас нь өмнө буюу хоёрдугаар сарын 1-нд завсарлуулсан.
Уг нь хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой байсан. Яагаад гэвэл “Давхар дээл”-ийг тайлчих гээд байсан учраас эрх баригч хүчин ийм арга хэмжээ авахаас аргагүй байсан болов уу.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хаврын чуулганд багтааж хэлэлцэх ёстой ч хууль зөрчүүлж, хэлэлцэхгүй байсаар чуулганыг завсарлууллаа. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь нэгдмэл биш байсан бол ийм асуудал болохгүй байх байсан.
-Танай бүлэг Засгийн газарт хандан 10 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг ирэх аравдугаар сард биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэсэн. Энэ нь гудамжинд гарч тэмцэнэ гэсэн үг үү, эсвэл буйдантай суулт хийнэ гэсэн үг үү?
-Үндсэн хуульд иргэний эрхийнхээ хүрээнд улстөрийн тэмцлийг ямар ч хэлбэрээр яаж ч илэрхийлж болно гэсэн байгаа. Тэр дагуу л бид тэмцлээ илэрхийлсэн. Түүнийг янз бүрээр ярьж болохгүй.
-Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрийг МАН “Ард-100” -гаар хянана гэсэн. Засгийн газрын хөтөлбөрийг үр дүнг юугаар хэмжих үү?
-“Эзэн 100” хөтөлбөр батлагдаад 56 хонож байна, 100 хоногийг дуустал хүлээнэ. Энэ хугацаанд ард түмний амьдрал яаж сайжрав, валютын ханш яаж буурав, гадаадын хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв гээд гарт баригдаж, нүдэнд харагдах үзүүлэлтүүдээр үр дүн хэмжигдэх ёстой гэж бид үзэж байгаа.
Түүнээс Засгийн газрын сайд нарын яриад байгаа шиг, тэдэн удаа хуралдлаа, тийм төсөл өргөн мэдүүллээ, тийм шийдвэр гарлаа, ийм ч сайхан байна гэж олон удаа ярьснаар үр дүнг хэмжихгүй. Үүнийг хэмжихийн тулд, хянахын тулд МАН-аас “Ард-100”-г санаачилж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалсан ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Гол зорилго нь “Эзэн-100” аяныг үр дүнд хүргэхийн тулд “Ард-100”-гаар шахаж, шаардах юм.
-УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг дүгнэж хэлэхдээ “МАН чуулганы хуралдааны талд нь завсарлага авсан” гэж хэлсэн. Энэ нь чухал хуулийн төслүүд хэлэлцэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тодорхой асуудлууд дээр завсарлага авч байсан нь үнэн. Яах аргагүй улс орны эрх ашигтай харшилдсан, ард иргэдийн амьдралыг илт хохироосон шийдвэрийг олонхиороо хууль зөрчөөд, хүч түрэн гаргах гээд байхад нь арга буюу дээд тал нь ажлын тав хоног хүртэл завсарлага авсан.
Тодруулбал, асуудлыг ард иргэдэд зөв хүргэх, асуудлыг эрх баригчдад зөв ойлгуулахын тулд завсарлага авч байсан. Гэхдээ биднийг завсарлага авлаа гээд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй, хойшлох тохиолдол байхгүй. Дараагийн асуудлыг хэлэлцээд явдаг байсан.
Тиймээс цөөнхийн авсан завсарлага хаврын чуулган үр дүн муутай ажиллахад нөлөөллөө гэж үзэх нь өрөөсгөл. Ер нь ганцхан цөөнхийн бүлэг завсарлага авсан юм биш. Эрх баригчид эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэх зэрэг асуудлаар голчлон завсарлага авч байсныг та бүхэн мэдэж байгаа байх.
Хариуцлага тооцох асуудал дээр завсарлага авч, хариуцлагаас бултаж байсан. Өмнөх парламентын үед өнөөгийн олонхи цөөнх байхдаа сараар, жилээр тэр байтугай 2-4 хүртэл жилээр завсарлага авдаг байсан шдээ.