Г.Баярсайхан Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан Дэлхийн худалдааны байгууллагын Олон улсын худалдааны төвийн төлөөлөгч Amy Fallon, Christian Planchetle нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын ноос, ноолуурыг бүтээгдэхүүн болгож экспортлох, дэлхийн зах зээлд гаргах шаардлага илүүтэй тулгарч байгаа талаар хоёр тал санал солилцсон юм.
Дэлхийн худалдааны байгууллагын Олон улсын худалдааны төв нь Монголын ноос ноолуурын холбоотой хамтран манай улсад “Эмэгтэйчүүд ба худалдаа” төсөл, ноос ноолуурыг бүтээгдэхүүн болгохтой холбоотой хоёр ч төслийг хэрэгжүүлж байгаагаа төлөөлөгчид танилцуулсан.
Тус байгууллагаас энэ жил Лондон, Нью-Йорк хотуудад Монголын ноолууран бүтээгдэхүүний сурталчилсан үзэсгэлэн зохион байгуулсан байна.
Цаашид Монголын Засгийн газар, УИХ энэ салбарт илүүтэй дэмжлэг үзүүлэх, бодлогоор дэмжих ёстойг төлөөлөгчид онцолсон.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Монголын ноолуурыг дэлхийн зах зээл дээр сурталчилсан үзэсгэлэн зохион байгуулсанд талархаад Манай улсын эдийн засагт ноос ноолууран бүтээгдэхүүн нь томоохон байр суурь эзэлдэг.
УИХ, манай Байнгын хороо энэ салбарт анхаарал хандуулж ажиллаж байгаа. Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой үүрэг даалгаварыг өгч, дэмжиж ирсэн. Ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргахын төлөө ажиллаж Цаашид та бид хамтран ажиллаж, харилцаагаа улам сайжруулна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.