О.Баасанхүү: Надад хууль зүйн сайд болох хүсэл алга
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.04.14

О.Баасанхүү: Надад хууль зүйн сайд болох хүсэл алга

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүжинг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм.

Х.Тэмүжин сайд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар барьсан байрыг оффисын барилга болгон өөрчлөх шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн буруушааж байсан. Тус эмнэлгийн байранд суулгасан MRI аппарат эвдэрсэн.

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй аппарат эвдсэн хэргээр хоёр барилгачинд эрүү үүсгэсэн байна. Хууль зүйн сайдын гаргасан энэ мэт хариуцлагагүй үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж би үзэж байна гэв.

Хуульч мэргэжилтэй гишүүн Хууль зүйн сайдыг “оролдож” эхэлсэн нь хардалт үүсгэсэн бололтой. Тэрбээр “Би УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хариуцлага нэхээгүй. Хууль зүйн сайдад хариуцлага тооцохыг хүсэж байна.

Надад Хууль зүйн сайд болох хүсэл, шалтгаан байхгүй” гэж мэдэгдэв.