М.Энхболд: Эдийн засаг муудаад байдаг, амралт ихсээд байдаг
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл буюу баяр наадмаар тав хоног амрах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжив.
Гэхдээ гишүүдийн нэлээд нь энэ асуудлаар ард иргэд, хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд хууль санаачлагчид энэ саналаа эдийн засгийн хүнд байдалтай уялдуулж үзсэн эсэх, эдийн засаг амаргүй үед хэр зэрэг зөв шийдэл болох вэ гэж асуусан юм.
Тэрбээр, "Бодвол Засгийн газар санаачилсан болохоор алх цохиод л явчих байх. Энэ бол том үйлчилгээний төвийн хаяа бараадан амьдралаа залгуулж байгаа хүмүүс, бизнес эрхлэгчдийн хувьд таатай шийдвэр болж чадах уу, үгүй юу.
Засгийн газар гэдэг чинь асуудлыг дээрээс, доороос, хөндлөнгөөс, бүх талаас нь харж байж, гурван сая иргэний аж амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харгалзаж үзсэний дараа хуулийн төсөл санаачлах ёстой.
Гадна талд энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа юм бэ. Та нар судалж үзсэн юм уу. Эдийн засаг муудаад байдаг, амралт ихсээд байдаг. Энэ талаар бодолцож үзсэн үү" хэмээн асууж байв.