Нийслэлийн дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий V цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурлаа.
2014.06.23

V Цахилгаан станцыг концессын гэрээгээр барина

Нийслэлийн  дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий  V цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Рибессе Беноут нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

"Дулааны V цахилгаан станц"-ын концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан бөгөөд шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцохоо илэрхийлж,  11 консорциум нь саналаа ирүүлсэн байна. Улмаар удаах гурван шатны шалгаруулалт явуулсны дүнд “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч хэмээн шалгаруулж, 2013 оны наймдугаар сарын 26-ны өдөр төслийн гэрээ болон дагалдах бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийхийг зөвшөөрч, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх түншлэлтэй  санамж бичиг байгуулсан.

Төслийн хэлэлцээг манай талаас ЭХЯ, ЭЗХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэг тус түншлэлтэй хийж, төслийг эцсийн байдлаар боловсруулан 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан бөгөөд хуралдаанаас “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосны дагуу ийнхүү баталгаажуулж байгаа юм байна.

“International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК буюу концесс эзэмшигч нь энэ өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, газар ашиглах гэрээ, ус ашиглах гэрээг Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай тус тус хийснээр Концессын уг гэрээ хүчин төгөлдөр болж, станцын барилга угсралтын ажил эхлэх аж.

Гэрээг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын барилга-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулж буй бөгөөд концесс эзэмшигч нь “Дулааны V цахилгаан станц”-ыг дөрвөн жилийн хугацаанд барьж, удаах 25 жилд нь ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээхээр гэрээлжээ.

Станцын хүчин чадлын хувьд цахилгаанд 450 МВт, дулаанд 587 МВт байх бөгөөд CFB (circulating fluidized bed) технологийн бойлер ашиглах юм байна. Энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага хийгээд гэр хорооллын хүн амыг нэгдсэн халаалт бүхий орон сууцны хороололд шилжүүлэн суурьшуулах боломж бүрдэнэ гэж гэрээ байгуулагч талууд онцоллоо. Төслийг хэрэгжүүлэхэд 648 ажлын байр шинээр бий болно гэж урьчилсан байдлаар төлөвлөж байна.