2014.06.16

Цагаан суваргын ордыг төрийн өмчийн оролцоотой байгуулна гэвэл авлига хээл хахууль дийлдэхгүй

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг хүргэж байна.

“Сүүлийн үед УИХ-ын гишүүд бүгдээрээ Төрийн өмчит компаниудыг ихээр байгуулагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Төрийн оролцоотой бизнесийн асуудлыг бүүр хумих хэрэгтэй.

Цагаан суваргын ордыг төрийн өмчийн оролцоотой байгуулна гэвэл авлига хээл хахууль дийлдэхгүй. Хувь эзэмших хүрээнд 350 сая ам.долларыг төрөөс гаргана гэж байна. Тэр нь татвар төлөгчдийн мөнгө. Уул уурхайн баялаг эрсдэл өндөртэй, төр хөрөнгө оруулахад хариуцлага хүлээх асуудал бий. Тийм учраас ахиухан хэмжээний татвар авахаа л бодох ёстой” гэлээ.