Л.Гантөмөр: Мессэжний хэлээр эх хэлээ үнэлж болохгүй
Өнөөгийн залуус монгол хэлээ муу хэрэглэж байна гэж шүүмжлээд байгааг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.
Харин ч монгол хэлний шинэ сэргэн мандлын үе тохиож буйг дуулгав. Учир нь, социализмын үед өнөөгийн дарга нар бүгд л оросоор ярьдаг, түүгээрээ гайхуулдаг байсан. Тэгвэл англи хэл сурч байгаа залуусыг үгүйсгэж болохгүй. Дэлхий өөрөө технологийн хувьсгалтай холбоотойгоор дэлхий нийтэд бичгийн хэрэглээ унаж байна. Англи, япон, хятадаар зөв бичээд байгаагийн цаана алдаа засдаг дүрмийн программ бий.
Түүнээс биш 20 мянган ханз үсэг цээжээр бичдэг нь нүдний гэм болсон.
Тэгэхээр цаашид төрийн алдаагүй бичгийн үйлчилгээ нэвтрүүлье гэвэл тэр программ хангамжийг яаралтай шийдэх шаардлагатай. Сүүлийн 7-8 жил крилл үсэгний ялгаатай, маргаантай талыг хөндөж, мэтгэлцдэгийн гол шалтгаан нь 4-5 Дамдинсүрэн гараад ирснийх. Эднийг нэг Дамдинсүрэн болгох эцсийн шийдвэр гаргахад энэ хууль туслах ёстой.
Монгол хэлний сургалт унаад байгаа зүйлгүй. Бодитой ярья гэвэл 1970-80 онд, 1990-2000 онд, өнөө үед хичээлийн цаг агуулга хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарч харах хэрэгтэй. Түүнээс биш залуусын мессэжний хэлээр эх хэлний асуудлыг хөндөж болохгүй. Үүгээр залуусыг муухай болгож харуулаад наана нь сайхан зүйл шийдэж байгаа мэт харагдъя гэвэл их буруу. Нөгөө талдаа хууль гаргах нэрээр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд халдах нь бас буруу шүү.