Ж.Эрдэнэбат: Царцсан гээд байгаа 240 гаруй обьектын ядаж тал хувийг ашиглалтад оруулж, иргэдэд үйлчлэх бололцоог нь олгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна. Энэ ер нь нүдээ олсон ажил байж чадах болов уу?
-Энэ төсөв анх батлагдахдаа л Ерөнхий сайд нь “авлигажсан” гээд хэлчихсэн, ам.долларын ханшийг 1384 байхаар тооцсон зэрэг ээдрээтэй, ойлгомжгүй асуудал ихтэй байсан.
Гэхдээ Монгол Улс улирлын чанартай үйл ажиллагаанууд явуулдаг. Жилийн ихэнх сар нь хүйтэн учраас барилгын ажил явуулах боломжгүй. Тиймээс бүтээн байгуулалтын ажлуудыг маш богино хугацаанд амжуулах шаардлага гардаг. Тэгэхээр төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай.
Энэ нөхцөл байдалдаа тохируулаад “авлигажсан” гээд байгаа төсөв нь үнэхээр “авлигажсан” эсэхийг аудит шалгаад Сангийн сайдын багц дээр байсан 190 тэрбум төгрөгийг хуваарилах асуудал л яригдаж байгаа. Үүнийг зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Энэ бол цаашаа явах ёстой ажил. Ингэж байж л магадгүй бид тэр царцсан гээд байгаа 240 гаруй обьектын ядаж тал хувийг ашиглалтад оруулж, ард иргэдэд үйлчлэх бололцоог нь олгох хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш улстөрийн болоод өөр ямар нэг асуудал байхгүй.
-Эдгээр царцаасан гэх тодотголтой обьектуудад зориулж дахин 550 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон тухайд?
-Ажил нь эхэлчихсэн мөртлөө элдэв асуудлаас болоод цаашаа явахгүй байгаа энэ обьектуудыг дуусгах зайлшгүй шаардлагатай. Харин яаж дуусгах вэ гэдэг гарцаа зөв тодорхойлж, харах ёстой. Тэгэхгүйгээр худлаа улстөржөөд байх нь ард иргэд, аж ахуйн нэгж, төр засагт ч хохиролтой. Монгол Улс өнөөдөр нэлээн их хэмжээний өрөнд орчихлоо. Гэтэл өмнө нь тавьсан өрөөрөө бид юу хийсэн бэ гээд тооцвол нэг дүгнэлт гарах л байх.
Цаашдаа энэ обьектуудыг дуусгахгүй л бол цас, бороо ч гэдэг юм уу байгалийн гамшгуудаас шалтгаалж чанар нь муудах асуудал үүсэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс болж өртөг, зардал нь өсөж ч магадгүй. Энэ мэт хүндрэлүүд гарахаас өмнө эхний ээлжинд баригдаад эхэлчихсэн, тодорхой хэмжээнд гүйцэтгэл хийгдчихсэн ажлуудаа дуусгах ёстой. Гэхдээ заавал бонд гаргаж, өр тавих эсэхийг шийдэх л хэрэгтэй.
-Эргэн төлөлт нь удаан учраас өмнөх бондын хөрөнгийг зам барих зэрэг дэд бүтцийн ажлуудад зориулсан нь буруу гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Цаашдаа энэ обьектуудыг дуусгахгүй л бол цас, бороо ч гэдэг юм уу байгалийн гамшгуудаас шалтгаалж чанар нь муудах асуудал үүсэх эрсдэлтэй
-Яах вэ, дэд бүтцийн асуудал маань эргээд эдийн засагт тодорхой хэмжээнд өгөөжөө өгөх ёстой. Тэр өгөөжийн хэмжээ нь ямар байхаас шалтгаалж хийх эсэхээ шийддэг. Хүн ч гэсэн авдаг цалингийнхаа хэмжээнд тааруулж зээл авдаг биз дээ. Түүнтэй адил хэдэн тэрбум, их наядаар нь ч ярих боломжтой улс орнуудын хувьд бол өөр хэрэг. Гэтэл манай улс бусад оронтой харьцуулахад хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал зэргийн хувьд харьцангуй бага шүү дээ.
Тэгэхээр эдгээр үзүүлэлт нь бага учраас үүндээ таарсан хэмжээний өрийг бий болгох ёстой. Манайхан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэж ярьдаг. Энэ зарчмаараа л явах ёстой. Ийм жижиг зах зээлтэй орон байж өндөр хөгжилтэй, том зах зээлтэй бусдыг дууриаж хэтэрхий их хэмжээний өр, зээл тавих нь том эрсдлийг араасаа дагуулах магадлалтай. Тиймээс бид хэдий хэмжээний зээл авбал ямар хэмжээнд төлж, барагдуулах вэ гэдгийг нарийн тооцож, эдийн засгийн өсөлт зэргийг харж байж олон улсын түвшинд өр, зээлийн асуудлыг ярих ёстой.
-Танай намын бүлгийнхэн иргэн бүр гуван сая гаруй төгрөгийн өртэй боллоо гэж мэдээлсэн. Үүнийг бондтой холбож ойлгож болох уу?
-Ер нь шууд утгаараа тийм.
-Мөнгөний бодлогыг уг нь Монголбанк тодорхойлох ёстой гэтэл тэднийг ажлаа хийж чадахгүй байна гэх шалтгаанаар удирдлагыг нь огцруулах хүсэлт гаргачихсан. Энэ валютын ханшийн өсөлт ер нь хаанаас үүдэлтэй юм бэ?
-Ер нь бол аливаа улс орны үндэсний мөнгөн тэмдэгт болоод гадаад валюттай харилцаж байгаа ханш зэргийг төв банк нь хариуцдаг. Тэр ч утгаараа мөнгөний бодлогынхоо хүрээнд Монголбанк хяналт тавих ёстой. Тиймдээ ч бие даагч гишүүд тийм саналтай байгаа байх. Нөгөөтэйгүүр байгаа нөөц бололцоогоо ашиглаад, хяналт тавиад байгаа ч гэсэн эргээд эдийн засагтаа орж ирж байгаа валютын урсгалыг дэмжсэн бодлого байхгүй, энэ нь саарчихсан байгаа тохиолдолд Монголбанк хэчнээн чармайгаад ч энэ асуудлыг шийдэхэд хэцүү.
Гэхдээ бидний шүүмжлээд байгаа зүйл юу вэ гэхлээр Монголбанк энэ Засгийн газартай хэтэрхий их хутгалдаж байна. “Үнэ бууруулах” эсвэл “үнэ тогтворжуулах” хөтөлбөр ч гэдэг юм уу энэ бүхэн чинь Монголбанкны хийх ажил биш шүү дээ. Гэтэл Монголбанк өөрөө үүнийг хариуцаж аваад л, мөнгө хэвлэж, төгрөгийн үнэгүйдлийг бий болгоод байгаа нь маш том алдаа.
-Гэхдээ 2014 оны төсвийг анх батлахдаа ам.долларын ханш 1384 байна гэдгийг Монголбанк биш УИХ баталсан шүү дээ?
Монголбанк өөрөө үүнийг хариуцаж аваад л, мөнгө хэвлэж, төгрөгийн үнэгүйдлийг бий болгоод байгаа нь маш том алдаа.
-Гадаад валютаар тооцогдох төсвийн үзүүлэлтийг 1384 гэж тооцсон. Энэ нь орж ирж байгаа татвар, борлуулалтын орлогыг тооцож байгаа ханш. Гадагшаа төлөх зээлийн хүү зэргийг тооцож гаргасан. Үүнийг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёроос оруулж ирдэг. Бид тухайн үед нь “Та нарын хэлж байгаа энэ ханш чинь бодитой биш байна” гэж хэлж л байсан. Харин өөдөөс “Байж болох дундаж ханш” гэж байсан шүү дээ. Тэр тооцсон дундаж ханш нь одоо байгаа бодит байдлаас даруй 20-30 хувиар бага байгаа нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар бий болох нөхцлийг бүрдүүлж байна.
Тухайн үеийн манай эрх баригчид эерэг үр дагавар бий болгоно. Ингэж яриад байвал 1384 болчихно гэдэг шиг зүйл яриад байсан. Гэтэл аливаа зүйл ярьснаар биш хийснээр үр дүн гарна гэдгийг харуулж байна.
-Сая чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүн таныг арга саам хийж байгаад тойрогтоо ажил хийлгэж байна гэж шүүмжилж байсан?
-Зарим гишүүн тийм шүүмжлэлийг хэлж байна. Би тойргоос сонгогдсон гишүүн шүү дээ. Тиймээс тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана. Тэд намайг ажилла гэж сонгосон. Гэтэл зарим гишүүн дээгүүр, доогуур гүйсэн нэгнийг нь аймаг, орон нутагт гайгүй ажилд тавьсан гэх мэт зүйлсийг ярьсан. Тойргоос сонгогдсон гишүүн бүр л ийм ажлыг хийнэ. Миний хувьд ч ялгаагүй. Нөгөөтэйгүүр би Сэлэнгэ аймгийн төлөө ажиллана гэж үүрэг авсан болохоор Сэлэнгэ нутгийнхаа төлөө л ажиллана. Цаашид ч ажиллах болно.