2014.05.22

М.Энхболд: Тодотголыг эдийн засагтай уялдуулах ёстой

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлэхдээ "Байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг түр хойшлуулъя, Засгийн газраас өргөн барих гээд байгаа жинхэнэ төсвийн тодотголтой нь хамт нэг мөр хэлэлцүүлье гэсэн санал гаргаад дэмжлэг авч чадаагүй. Төсвийн тодотголыг зөвхөн 150 объектын хөрөнгө оруулалтаар хязгаарлавал хямралтай байгаа эдийн засагт тус нэмэр болж чадахгүй. Төсвийн орлого нэгдүгээр улирлын байдлаар 400 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байхад орлого зарлагадаа ямар ч өөрчлөлт оруулахгүй ийм тодотгол хийх хэрэг байна уу. Ч.Улаан сайдын яриад байгаа жинхэнэ төсвийн тодотголтой нь хамт хэлэлцэж болохгүй юм уу.

Энэ оны төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөг байхаар баталсан. Ам.доллар  1384 төгрөг болно гэж харсаар байтал 1820 төгрөгт хүрчихсэн. Гэтэл өчигдөр Засгийн газар 1690 төгрөг бол манай тооцооны ханш гэсэн тоо гаргаад ирсэн. Сураг ажиг сонсвол цөөвтөр компанид валютыг 1400 төгрөгөөр ч өгч байгаа дуулдсан. Тэгэхээр Монгол Улс валютын дөрөв, таван янзын ханштай болчихож. Ноён доллараар манай Засгийн газар ингэж дур зоргоороо тоглож болж байгаа юм уу. Энэ чинь цаанаа алттай харьцдаг, баталгаатай ханш байх ёстой.

Хятад, Сингапурт ханшийн хатуу бодлого барьдаг. Бодит эдийн засгийн харьцааг сайн харгалздаг. Гэтэл Монголд валют дөрөв, таван янзын ханштай иймэрхүү л байдалтай байна. Маргааш гэхэд Сангийн сайд зүүдлээд валютын ирээдүйн ханш 2000, 3000 гэсэн тоо гаргаад ирвэл зургаа дахь ханш ч бий болж магадгүй нь. УИХ-ын дарга аа, эдийн засгийг ийм эмх замбараагүй байдалд оруулж байгааг анхаарч үзэхгүй юм уу. Валютаар ингэж тоглож байж эдийн засгаа хямралд биш бүр сүйрэлд хүргэчих юм биш биз дээ. Сүүлийн үед Засгийн газар бүхнийг өөрөөсөө түлхэж байгаа. Өөрсдөө бодлогогүй юм оруулж ирчихээд "Энэ бол Их хурлын шийдвэртэй, та нарын хэлснийг л биелүүлж байна" гэж хэлдэг. Валютын ханш гэж ярихаар Монголбанк л буруутай гэж хэлдэг. Эцэс сүүлдээ Засгийн газарт наалдах юмгүй болж хариуцлага хүлээдэггүй.

Та удирдаж байгаа байгууллагынхаа нэр хүндийг бодооч ээ. Их хурлын нэр хүнд Засгийн газрын оруулж ирсэн бүх зүйлийг үг дуугүй баталсаар байтал унаж гүйцлээ. Намын бүлгүүд бол УИХ-ын бүтцийн байгууллага. Эрх баригч намын бүлгийн дарга нь Засгийн газрын төлөөлөгч шиг аашилж, хүний өөрийнгүй команд өгөөд л Засгийн газраас өргөн барьсан болгоныг заавал батал гэж шахдаг. УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй байгууллага. Бид ард түмний өмнө юу гэж хэлэх юм бэ. Ард түмэн биднийг олонхи, цөөнх гэхээсээ Зандаахүүгийн Энхболд даргатай хууль тогтоох дээд байгууллага гэж харж байгаа. Тиймээс  асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж, төсвийн тодотголоо жинхэнэ тодотголтой нь хамт хэлэлцье. Бодит хөрсөн дээрээ буусан тодотгол хийх хэрэгтэй байна" гэлээ.