Н.Алгаа: Жижиг эрх ашигт том зорилго нь дарагдчихаад байна
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
2014.05.20

Н.Алгаа: Жижиг эрх ашигт том зорилго нь дарагдчихаад байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай ярилцлаа

-Одоо хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд танай ассоциаци ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувийн хэвшлийнхэн 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн саналыг хэзээ ч гаргаагүй. Дандаа өөр субъектээс санал гарч, бид түүнд нь санаа бодлоо нэмэрлэдэг байдлаар явж ирлээ. 2012 онд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл нэлээд шуугиан тарьж, эхлээд бодлогын баримт бичиг нь гарах ёстой гэж үзээд хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс төрөөс уул уурхайн салбарт барих бодлогын баримтын хүрээнд л Ашигт малтмалын тухай хуульд нь өөрчлөлт орох ёстой л гэсэн баримжаатай явсан.

-Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд гар хүрээд хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа хэрэг үү?

-Мэдээж өөрчлөх зүйл байгаа. Гэхдээ яг бизнесийнхний хүсээд байгаа өөрчлөлт бол байхгүй.

-Бизнесийнхэн юу хүсч байгаа гэж. Хуулийн төсөлд та бүхний саналыг тусгаагүй гэж үү?

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг Уул уурхайн яаман дээр байгуулагдаж Уул уурхайн ассоциаци, Нүүрсний ассоциаци, Геологийн холбоо, яам, ашигт малтмалын салбарын хүмүүс оролцсон. Нэгдүгээрт, бодлогын баримт бичгийн хүрээнд, дараа нь яамны бодлогын хүрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн. Бид хамтраад анх боловсруулсан төсөл дээр олон асуудалд зөвшилцөлд хүрч чад- сан. Хувийн хэвшил зөрүүтэй саналтай ч тэвчиж байгаа.

-Яг ямар заалтуудтай санал нэгдэхгүй байна вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний гурван жилд шилжүүлж болохгүй, гуравдахь жил нь дуусахаар хайгуулын талбайн нэг хэсгийг заавал буцааж өгнө гэж байгаа. Энэ бол хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах заалт биш. Хайгуулын ажлын зардлыг га- гаар тооцоод гаргуулдаг хуулийн шахалт байхад дээрээс нь ийм нэмэлт шахалт тавих зохимжгүй. Тэртэй тэргүй эхний гурван жил эрсдэлтэй байдаг, хайгуул хийгээд нөөц нь бага хэмжээтэй гарвал бусдад шилжүүлдэг эрх чөлөөг хааж байна.

Стратегийн 15 ордоос хэдхэн орд одоог хүртэл ашиглалтад ордоггүй

Хоёрдугаарт, стратегийн ордын тодорхойлолтын  одоо байгаа заалтыг өөрчилсөн. 2006 оны тодорхойлолт бол их өргөн заалттай ямар ч уурхай орж болохоор байсан. Гэтэл орон нутгийг хасч байгаа юм. Стратегийн орд газарт төр оролцох хоёр заалт байдаг. Өмнө нь төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол оруулсан хөрөнгийн хэмжээгээр төр 50 хүртэл, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувь оролцоно гэж байсан. Одоо болохоор тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг үндэслэн төрийн оролцоог тогтооно гэж байгаа юм. Энэ чинь ерөөсөө л хөрөнгө оруулагчдын бизнест оролцдог гол шалгуурыг үгүй болгочихож байгаа юм. Оруулсан хөрөнгөөр бус ашгийг нь хуваахдаа л задгай наймаа хийх заалт болчихсон.

-Сөрөг хүчнийхэн энэ заалтыг эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Зөв л дөө. Төр бизнест яаж оролцох дээд хязгаарыг болон яаж оролцох шалгуурыг тогтоосон байсан. Гэтэл одоо дээд хязгаар нь байгаа үндсэн шалгуур алга. Ямар ч бизнест төр ч бай, хувийн хэвшил ч бай гаргасан хөрөнгийн хэмжээгээрээ эрх эдэлж, хариуц- лага хүлээдэг дэлхий нийтийн компанийн засаглалд байдаг шалгуурыг үгүй болгосон. Зүгээр ашиг хуваах заалтыг л зүтгүүлээд байгаа юм.

-Тэгэхээр нийгмийн хүлээлтийг хангасан төсөл болж чадсангүй гэж үзэж байгаа юм байна,тийм үү?

-Хамгийн гол хүлээлт бол шинээр хайгуулын лиценз олгох асуудал л байсан. Хамгийн түрүүнд        лицензийн         хоригийг цуцлах   ёстой. Яагаад   гэхээр хайгуулын ажил Монголд гурван жилийн хугацаанд бүрэн зогслоо. Санхүүжилт бүр байхгүй болсон. Хамгийн гол нь стратегийн орд дээр санал нэгдэхгүй байна. Урт нэртэй хуультай холбоотой эхэлсэн төслүүд зогчихоод, урт нэртэй хуулиар шийдэж чадаагүй, буруу зохицуулсан зүйлээ Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулах гэж оролдоод байгаа нь эргээд энэ хуулийг зөв, сайн болоход сөргөөр нөлөөлж байгааг ойлгох    хэрэгтэй. Урт нэртэй хуулийг     дагаж мөрдөх    журмыг хийхдээ бэрхшээдэг юм уу энэ хууль руу чирч ирээд асуудлыг хүндрүүлээд байна.

-Зөвхөн лиценз олгож эхлэхээс өөр өөрчлөлт хэрэггүй юм байна, тийм үү?

-Нэгдүгээрт, лиценз өгдөг болгочих, хоёрт, ямар талбайг сонгон шалгаруулалтаар, ямрыг нь дуудлага худалдаагаар дуудах юм гэдгээ нарийн зааглаж зохицуулаад, ямар тохиолдолд төрөөс олгосон лицензийг орон нутаг эсэргүүцдэггүй болох юм, энэ бүх зохицуулалтаа л хийчих. Бусад нь хэвээрээ байг л гэж байгаа юм. Яагаад гэхээр олон өөрчлөлт ороод маргаан дагуулсан, нарийн тооцоо судалгаагүй төсөл орж ирээд хэлэлцүүлэг нь удааширсаар чуулган дуусчихвал байдал улам хүндрэх гээд байна.

-Бизнест төрийн оролцоог бага байлгана гээд байгаа шүү дээ, уг нь.

-Тийм. Гэхдээ өнөөдөр төрийн оролцоо гэдгийг буруу томъёолж, ойлгоод байгаа юм. Төр оролцолгүй яах вэ. Гэхдээ бизнес хийж оролцох биш татвар, хориг саад, нэмэлт зохицуулалт гэх мэт төрийн оролцоог үгүйсгэж болохгүй. Харин манайх заавал хувь эзэмшиж, хувийн хэвшилтэй хамтарч бизнес хийх гээд байх юм. Энэ нь эргээд шийдвэр гаргахад нь нөлөөлөөд байгаа байхгүй юу. Төр хөрөнгө оруулах боломжгүй мөртлөө заавал хувь эзэмших гэж зүтгэх нь хурдацтай урагшилж байсан хувийн хэвшлийн үйл ажиллагааг гацаанд оруулж зогсоогоод байгаа юм. Уг нь ордуудаа хурдан ашиглалтад оруулах нь л стратегийн ач холбогдолтой зорилт баймаар юм. Би 2003 онд стратегийн ач холбогдолтой хамтран амьдрагч гэж гэр бүлийн хуульд оруулбал яасан юм бэ гэж бичиж байсан. Өөрөөр хэлбэл, стратеги гэдэг үг ийм болтлоо дампуурч байна.

2011 оны үед нүүрсний үнэ дандаа ийм өндөр байна гэж байхад хэдхэн хүн “нүүрсний үнэ унаж, нүүрс үнс болно” гэхэд муу ёрлолоо гэдэг байлаа.

 Стратегийн 15 ордоос хэдхэн орд одоог хүртэл ашиглалтад ордоггүй. Хөшөөт ажлаа эхлэхээс өмнө замаа тавьж байтал стратегийн ангилалд оруулна гэснээс болж хөрөнгө оруулагч нь гараад явчихсан. Цагаан суварга байна. Эрдэнэтээс нөөцөөрөө ес, Оюутолгойгоос 30 дахин бага жижиг төсөл. Мөн Асгатын орд байна. Оросоос өөр ямар ч хөрөнгө оруулагч хамтрах боломжгүй, мөнгө ч биш нийлмэл бүтэцтэй полиметаллын орд шүү дээ. Технологи нь ч, ямар бүтээгдэхүүн гаргаж авах нь ч тодорхойгүй төсөлд төр оролцоно гэх юм.

-Хэлэлцүүлгийн явцад стратегийн орд гэж байх ёстой юм уу гэдэг санал гарч байсан юм байна.

-Стратегийн орд гэдэг чинь ОХУ, Монгол Улс хоёрт л байна. Бусад улсад стратегийн бүтээгдэхүүн буюу стратегийн ашигт малтмал гэж байдаг.

-Ажил хийе гэсэн хүсэл хувийн хэвшилд байна, Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх зорилготой. Үүн дээрээ нэгдээд хуулиа баталчихаж болдоггүй юм уу?

-Хүн болгон наадахыг чинь асуугаад байгаа юм. Уг нь хүсдэг мөртлөө яг шийд гаргахдаа өөрөөр шийдчихдэг. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлж, эдийн засгийг сайжруулах том зорилгын дор хэсэг бүлгийн, намуудын жижиг ашиг сонирхол давамгайлаад түүн дээрээ наймаалцаад, дандаа наймааны шийдвэр гаргах гээд байгаа юм. Уг нь төр бизнест битгий оролц, ерөөсөө битгий садаа бол. Хувийн хэвшил мөнгийг нь олоод, хийгээд өгье гэхээр би хамтарна гээд байна шүү дээ. Засгийн газар хувийнханд итгээд авдаг хураамж, татвараа л сайн хянаад ажиллуулчих хэрэгтэй.

-Хувийнхан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодоод лиценз олго гээд байгаа юм биш үү. Ер нь цаашдаа лицензийг олгоод, ашигт малтмалаа ашиглаад байх ёстой юм уу?

-Манайхан хойч үедээ хадгална гэж нэг юм яриад байгаа юм. Олоогүй юмыг юуг нь хадгалах юм бүү мэд. Нөгөөтэйгүүр олсныгоо хадгалаад байх юм бол.хэзээ ашиг болж ирэх юм бэ. Ямар ч хөрөнгө оруулагч ашигтай байх үед л хөрөнгөө оруулдаг, дэлхий дээр 200 жил ийм л зарчим байсан. Манайхан эсрэгээр явах гээд байх юм. Уул уурхай ийм их эрсдэлтэй гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй, мэддэггүй юм уу. Ашигтай үед хөрөнгө оруулалт орж ирээд үнэ буурах үед үйлдвэрээ ажиллуулж хүндрэлийг давдаг.

Ашигтай байх мөчлөг таваас долоо, зарим тохиолдолд 10 жил байдаг. Үнэ хэдийгээр эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг ч эрэлт нийлүүлэлт нь өөрөө дэлхийн улс төр бизнесийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэзээ ч өөрчлөгдөж болох учраас урьдчилан таамаглах боломжгүй байдагтаа уул уурхайн эрсдэл нь байдаг. Манайхан таамаглаж болдог юм шиг боддог. 2011 оны үед нүүрсний үнэ дандаа ийм өндөр байна гэж байхад хэдхэн хүн “нүүрсний үнэ унаж, нүүрс үнс болно” гэхэд муу ёрлолоо гэдэг байлаа.

-Өмнө нь олгосон лицензийн балгаар байгаль орчин сүйдсэн Дахиад олгож эхлэхээр байдал улам дордоно гэх хүн байдаг.

-Хувийн хэвшил хөгжлийнхөө эхний үе шатанд алдаа гаргасан. Гэхдээ үүнийг нийтээрээ ойлгоод нөхөн сэргээлт хийдэг болсон. Заамарт л гэхэд хэд хэдэн нуур бий боллоо, загас үржүүлж, чацаргана тарьж байна. Бүхэл бүтэн хөндийг нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээлт хийхийн тулд тухайн компани ашигтай байх ёстой. 68 хувийн татвартай бол ямар юмаараа нөхөн сэргээх юм бэ.

-Нинжа нар гэж байгалийг хортон шавьж шиг устгаж байгаа хүмүүс байна, тийм үү?

-Энэ бол гамшиг. Гэхдээ уул уурхай шинээр хөгжиж байгаа олон орны дамжиж гардаг л үе шат юм байна лээ. 100 жилийн өмнө Америкт байсан, одоо Латин Америкт байна уу байна. Хятад, Индонезид одоо ч байна. Энэ нь эдийн засаг дорой, ядуурал ихтэй, хүн амын ажилгүйдэл ихтэй газар байнга тохиолддог, төр зохицуулж хааж бооход хэцүү үйл явц. Гэхдээ хохирол багатай хурдан туулах хэрэгтэй. Үүнийг зохицуулах ганц арга нь албан сектор болгож бүртгэлтэй болгох. Монгол том газар нутагтай, тархай бутархай учраас нэг газар бөөнөөр байлгаж албажуулахад хүндрэлтэй. Гэхдээ өөрөөр шийдэх арга байхгүй.

-Манай улс яагаад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад сан байгуулж мөнгө хадгалж чадаагүй юм бэ?

-Сонгуулийн  үеэр тараачихсанаас биш хоёрын хоёр сан байгуулсан шүү дээ. Нэг нь Хүний хөгжлийн сан, нөгөө нь Тогтворжуулалтын сан. Уг нь сангийн мөнгийг төсвөөс гадуур байршуулаад одоо ийм үед ашиглах байтал тараагаад дуусгачихсан. Хадгалж байх ёстой мөнгийг тараана гээд хуульчилчихсан. Хадгалж байсан бол өнөөдөр гаднаас зээл авч, янз бүрийн бонд нэрээр өр тавихгүй байх боломж байсан.

-Оюутолгойн 34 хувийг зарах талаар сүүлийн үед ярих болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч телевизийн ярилцлагад орох үеэрээ үүнийг эсэргүүцэхгүй байсан. Ер нь зарчихвал боломж байгаа юу?

-Оюутолгойн 34 хувийг зарлаа гэхэд хэн авах нь сонин. Одоохондоо Хятад л авна, өөр хүн авахгүй л болов уу. Тэгэхээр зарах үе нь мөн үү, биш үү гэж бодож байна.