Д.Оюунхорол: Н.Алтанхуяг Ерөнхий сайд аа танаас ичиж байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасан билээ. Түүний хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн юм.
Энэ үеэр Д.Оюунхорол гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.
-Х.Баттулга сайдаас асуух зүйл алга. Ер нь Монголын улстөрийн өнөөдрийн өнгө төрх, үнэ цэнэ, мөн Монголын төр яаж дампуурч, үнэлэмжгүй болж байгааг хараад ёс суртахуунаараа ийм шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Энэ нь ч зөв байсан байх. Магадгүй ажлын үнэлгээний талаар, эдийн засгийн өсөлт гэж ярих юм бол хөдөө аж ахуйн салбар л байгаа.
Харин Ерөнхий сайдаас хэд хэдэн зүйл асуумаар санагдлаа. Сүүлийн сарын турш Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал ярьсан. Гэтэл өнөөдөр О.Баасанхүү гишүүн төслөө эргүүлэн татлаа гэж хэлээд үзэгнийхэн бэх хатаж амжаагүй байхад гаргасан шийдвэртээ харамсаад ярьж байгааг хараад монголын төр, улс төрийн намууд ямар эмэгнэлтэй болсон, Ард түмнээ ямар их басамжлаж байгааг хамгийн том загвар гэж бодож байна. Би хийх ажилгүйдээ, хэн нэгнийг муу муухай харагдуулах гэж энэ зааланд орж ирээгүй юм шүү.
Н.Алтанхуяг сайд аа, танаас ичиж байна. Х.Баттулга ёс суртахууны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан шиг “Би Монголын төрийг удирдаж чадахгүй байна, ард түмний амьдралыг доройтуулж байгаа учир хувь хүнийхээ хувьд огцоръё” гэж хэлж чадахгүй байна. Монголын ард түмнийг муухай харагдуулж байгаа учир огцрох өргөдлөө өгнө үү гэсэн санал тавьж байна, Ерөнхий сайд аа.