Ерөнхийлөгч монгол судлалын шинэ үеийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол судлалын шинэ үеийн төлөөллийг хүлээн авч уулзав
2014.05.08

Ерөнхийлөгч монгол судлалын шинэ үеийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр монгол судлалын шинэ үеийнхний төлөөлөл болох ХБНГУ-ын иргэн Елиза Кол-Гаррити, Бүгд найрамдах Польш улсын иргэн Каролина Зыгмановска, Ёанна Долиньска нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд ХБНГУ-д төрийн айлчлал хийхдээ тус улсын нэг иргэнд, 2013 онд БНПУ-д төрийн айлчлал хийхдээ Польшийн гурван иргэнд Монгол Улсад нэг жилийн хугацаагаар суралцах урилга гардуулсан билээ. Ерөнхийлөгчийн урилга, тэтгэлгийг хүлээн авсан дээрх оюутан-судлаачид Монголд хүрэлцэн ирж судалгаа шинжилгээний ажил хийж, сургуульд суралцаад нэг жил болж байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Аливаа улс орон өөрийнхөө улс орныг судалдаг судлаачдыг дэмжих ёстой гэсэн байр суурь надад байдаг. Та нарыг монгол судлалын шинэ үе гэж харж байна. Бид бодлого гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулсан. Засгийн газраас Монгол судлалыг дэмжих хөтөлбөр баталсан. Бид монгол судлалыг улам сайжруулна гэж үзэж байна. Та бүхэн монгол судлалыг сонгож байгаа нь бидний хувьд сайхан мэдээ юм.

Монголчуудад англи хэл зааж, хариуд нь монголчуудаар монгол ёс заншлыг заалган харилцан соёлын солилцоо хийж ирсэн байна.

Монголын түүх бол хүн төрөлхтөний түүхийн чухал нэг хэсэг. Монгол газар шороон дээр тэр түүхийг зөвхөн ном болгож бичсэн төдийгүй хад, чулуун дээр зургаар, бичгээр үлдээсэн хамгийн баян олдвортой орон бол Монгол Улс юм. Монгол судлал нь зөвхөн өнгөрснийг судалдаг биш, өнөөдрийг, ирээдүйг судалдаг байх ёстой. Та бүхэн монгол судлалыг дэмжих чиглэлээр бидний явуулж, ач холбогдол өгч байгаа үйл ажиллагааны яг дотор нь ороод бүтэн жил боллоо. Та нарын бидэнд хэлэх үг их ач холбогдолтой, чухал зүйл болно. Дараагийн монгол судлаачдыг бэлтгэхэд бид юу хийх хэрэгтэй байна вэ. Юун дээр алдаж байна. Юун дээр онож байна вэ гэдгийг та бүхэн товчхон танилцуулбал зүгээр байна” гэлээ. Монгол судлалын чиглэлээр Монголын болон гадаадын их, дээд сургуульд суралцах оюутнуудын тэтгэлгийг цаашид нэмэгдүүлж, бололцоотой бүх хэлбэрээр тусалж дэмжинэ гэдгийг мөн танилцуулав.

Судлаач-оюутнууд Монголд амьдарч, суралцахад бэрхшээл тохиолдоогүй, бүгдээрээ үр бүтээлтэй ажилласан гэдгээ танилцууллаа. ХБНГУ-ын иргэн Елиза Кол-Гаррити Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Монголын ард түмэнд баярласнаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд монголчуудын хүндлэх ёсны сэдвээр докторын ажил хийж, Улаанбаатарын Толгойт, Баянхошуунд уг чиглэлээр судалгаа явуулснаа танилцуулав. Мөн Үндэсний төв архив, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн архивт сууж ажиллажээ. Монголчуудад англи хэл зааж, хариуд нь монголчуудаар монгол ёс заншлыг заалган харилцан соёлын солилцоо хийж ирсэн байна.

Та бүхэн монгол судлалыг сонгож байгаа нь бидний хувьд сайхан мэдээ юм.

Польш улсын иргэн Каролина Зыгмановска ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн судалгаагаар эрдмийн ажил хийж буйгаа танилцууллаа. Тэрээр Монгол-Японы харилцааны талаар судалгаа эхлүүлээд байгаа юм байна. Польшийн иргэнЁанна ДолиньскаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Монгол оронд суралцсандаа баярлаж байгаагаа илэрхийлээд Алтай овгийн халимагуудын талаар эрдмийн ажил хийж байгаа гэлээ.

Эдгээр оюутан-судлаачдыг судалгаагаа үргэлжлүүлэх, өөр сургуульд суралцах зэрэгт санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг үзүүлэх бүрэн бололцоотой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэн ерөөв. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаашдаа ч хувь хүнийхээ хувьд монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч үүнийг дэмжиж, энэ чиглэлээр сан, олон нийтийн байгууллага байгуулах, Засгийн газрын бодлогод дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа танилцууллаа.