С.Бямбацогт: Жижиг дунд аж ахуй нэгжийн татварын дарамтыг бууруулъя
“Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэсэн үг байдаг. Энэ үг бол өнөөгийн татварын байгууллагын таних тэмдэг болсон уу даа гэж үзэхээр байгаа юм. Харин татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн хувьд татвар төлөгч оршин буй учраас төр буй юм гэсэн ухамсарт тулгуурлан татварын хоёрдугаар шатны шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Монголчууд та бидний хувьд татвар төлөх тухай ойлголт маш нимгэн, татварын тухай ойлголт ч бага байдаг. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад татварын тогтолцоо залуу байгаатай холбон ойлгож болох юм. Тэгвэл “татвар” гэж чухам юу юм бэ? Санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар та бид өнөөгийн нийгмийн баялгаас хүртэж байгаагийнхаа хувьд эргүүлэн төлж байгаа төлөөс гэж энгийнээр тайлбарлаж болох юм. “Mongolian” сэтгүүлийн дэргэдэх Economy студийн уран бүтээлчдийн энэхүү нэвтрүүлэг ч мөн адил татварын шинэчлэлтэй шууд холбогдож байгаа юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монголд татварын систем сайжирсаар ирсэн. Ерээд оны сүүлч шинэ мянганы эхэн үе хүртэл Монголчуудын хувьд татварын албатай харилцана гэдэг амаргүй ажил байсан. 40 хүртэл хувийн өндөр татвартай татварын байцаагчийг царайчилдаг үе саяхан. Харин одоо бол байдал өөр. XXI зууны Монголчууд татварын үр ашиг, ач холбогдлыг ойлгох болжээ. Гэхдээ л ажил төрөл хийж байгаа томчууд нь болж өгвөл татвараас зугатах, бултах арга зам хэрэглэх дуртай болохоор үр хүүхэд нь татварын тухай огт ойлголтгүй өсч хүмүүжиж байна. Татварыг шинэчилье гэдэгт татварыг хураадаг, төлдөг хоёр тал нэгдээд байгаа юм. Харин хэрхэн шинэчлэх вэ гэдэг дээр өнөөдөр асуудал олны анхаарлын төвд байна.
10 саяыг сард нь хуваагаад үзвэл сард 800 орчим мянган төгрөгийн орлоготой аж ахуй нэгж НӨАТ төлөхөөр болчхоод байгаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: "Монголын төр олон бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, гадны хөрөнгө оруулагчдыг дэмжсэн олон шийдвэр гаргаж байгаа. Тэр дундаас сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүдийн ихэнх нь томоохон аж ахуй нэгжүүдийг, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хууль тогтоомжууд гараад байгаа юм. Тийм учраас жижиг, дунд аж ахуй нэгжүүдээ дэмжих ёстой гэж үзэж НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх хуулийг санаачилсан. Өнөөдрийн босго 10 сая байгаа.
10 саяыг сард нь хуваагаад үзвэл сард 800 орчим мянган төгрөгийн орлоготой аж ахуй нэгж НӨАТ төлөхөөр болчхоод байгаа юм. Гэтэл энд хамаарах аж ахуй нэгж байр түрээсэлнэ, үй ажиллагааны зардал, цалин тавина, шатахуун тээвэр, цалин зэргийг бодоод үзэхэд 800 мянга маш бага болж байгаа юм. Тийм учраас босгыг нэмэгдүүлье, жижиг, дунд аж ахуй нэгжийнхээ татварын дарамтыг бууруулъя гэдэг зорилгоор санаачилсан.
Өнөөдөр нийт НӨАТ-ын 90 орчим хувийг нийт компаний 4000 орчим нь төлж байгаа бол үлдсэн 36 мянга орчим аж ахуй нэгж нь НӨАТ-ын 10 хүрэхгүй хувийг төлж байгаа. Тиймээс компаниуд томрохын хэрээр татвар төлөх бололцоо, боломж нэмэгддэг. Харин компаниуд жижиг байвал татварын дарамтад ороод татвар төлөх бололцоо, боломж бүрддэггүй юм байна гэдэг үндэслэлээр л НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье гэсэн хууль санаачилсан.
Татварын асуудлыг зөвхөн НӨАТ биш, багцаар нь шинэчлэх, өөрчлөх асуудлыг нухацтай авч үзье гэж ярьж байгаа.
Гэхдээ бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлийнхнээс ирж байгаа саналуудыг харахад ер нь ялгавартай байх нь буруу, харин үүнийхээ оронд НӨАТ-ын 10 хувиа бууруулаач ээ. Тэгээд том, жижиг гэхгүй бүгдээрээ төлөөд явбал аль алинд нь хэрэгтэй юм биш үү гэсэн санал гарч байна. Үүнийг УИХ дээр ажлын хэсэг байгуулж нэлээд нухацтай ярья. Татварын асуудлыг зөвхөн НӨАТ биш, багцаар нь шинэчлэх, өөрчлөх асуудлыг нухацтай авч үзье гэж ярьж байгаа. Энэ хүрээнд босго нэмэгдүүлэх дээр эргээд харж болох юм. НӨАТ-ын босгыг бууруулж болох юм гэдэг дээр одоохондоо бодож байна." гэсэн юм.
Төр засгийн татвар хураамжийн бодлого шийдвэр ч хөгжлийн төрхөө олж илүү ухаалаг, энгийн, ойлгомжтой болох чиглэлд явж байна. татвар төлдөг, хураадаг хоёр талын хүсэл сонирхол нэгдчихсэн, төрийн ухаалаг бодлого хэрэгжээд ирвэл татварын утга учрыг иргэд ойлгож, үүргээ ч ухамсарлах юм.