Монгол улсын хувьд үнэ тариф нь дэлхийн бусад орнуудаас маш бага
Тавдугаар дулаан станц-5 төсөл Азийн хөгжлийн банкны техник, эдийн засгийн үндэслэлээр хийгдэж 2011 онд УИХ-аас батлагдсан концефцын тухай хуулийн дагуу төрийн өмчийн хороонд шалгаруулалт явагдсан.
Эхний шатлалын үнэлгээ хийгдсэнээр Франц, Япон, Солонгос, Монголын хамтарсан консерциумыг гэрээний хэлцэлд урьсан. Засгийн газрын шинэчилсэн бүтэц байгуулагдсантай холбогдуулан эдийн засгийн хөгжлийн яам хариуцан ажиллаж байгаа. Гэрээ хэлцэл төлөвлөгөөний дагуу хугацаандаа хийгдэж зөвшилцвөл 2016 онд эхний агрегат ажилд орохоор төлөвлөгдсөн.
Эрчим хүчний сайд М.Сономпил: “Газрын асуудал нэлээд маргаантай байсан. Өнгөрсөн онд засгийн газар Хөлийн голын хөндийд 43 га газрыг шийдэж өгсөн. Тэнд геологийн судалгаа, газрын хөрсний шинжилгээ, байгаль орчны үнэлгээ зэрэг дагалдах ажлууд хийгдэж байна. Тавдугаар цахилгаан станц бол томоохон цахилгааны эх үүсвэр, гадаадын томоохон хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг тэрбум хоёр зуу орчим долларын өртөгтэй хийгдэж байгаа ажил бөгөөд хоёр гуравхан сарын дотор гэрээг үзэглээд хийчихдэг асуудал биш.
Хөрөнгө оруулах гэж байгаа тэд ч, Монгол улсын засгийн газрын хувьд ч тэр хэлцэл үргэлжлээд явж байгаа. Хэлцэл хийгдэх явцад ямар асуудал тулгарч удаашралтай байгаа вэ гэвэл үнэ тарифын асуудал яригдана. Монгол улсын хувьд үнэ тариф нь дэлхийн бусад орнуудаас маш бага. Одоо байгаа манай айл өрхүүд 79 төгрөг 80 мөнгө, Албан байгууллагууд 100 орчим төгрөгийг өгч байгаа. 60,70 төгрөгөөр гэрээ хийгдээд явна гэдэг хөрөнгө оруулах гэж байгаа компанид ямар ч ашиг байхгүй.
Ус-15 дулааны станцыг барихад Нийслэл болон эрчим хүчний хөрөнгө оруулалт гаргаж эхэлсэн нь Дулааны цахилгаан станц-5 төсөл мөрөөдөл болсон гэдгийг харуулж байгаа юм. Хүн амын бодлого талаас харвал Баянхошуу чиглэлд энэхүү ажил хийгдэх ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: "Гэр хорооллоор их байгаа дүүргүүддээ эрчим хүчний хүрэлцээ, хангамжаа шийдэж чадахгүй байгаа. Үүн рүү чиглэсэн бодлогоо явуулаач ээ. Жишээ нь, гэр хороололд амьдарч байгаа ард иргэдийг дахин төлөвлөлтөд хамруулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдээ шийдээч ээ. Тавдугаар эх үүсвэрээ бариач ээ гэдэг зүйлийг л ярьж байгаа."