Ц.Оюундарь: Р.Бурмаа гишүүн намын дүрмийг зөрчсөн
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.04.29

Ц.Оюундарь: Р.Бурмаа гишүүн намын дүрмийг зөрчсөн

Засгийн газрын тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг энэ оны долдугаар сараас мөрдөх тухай МАН-ын саналыг чуулган дээр дэмжсэн гишүүн Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо нь гаргасан билээ.

АН-ын дөрвөн ч гишүүн эсрэг санал өгсөн байтал зөвхөн Р.Бурмааг онцлон хөөсөн нь “Намын жагсаалтаар сонгогдсон атлаа бодлогоо дагасангүй” гэдгээс үүдэлтэй гэнэ.

М.Зоригт, Ж.Батзандан, Х.Баттулга нар тойргоос сонгогдсон учраас тусгай бүрэн эрх эдэлж буй бололтой. Хэдийгээр тэд “Адилхан л гишүүн” гэдэг боловч иймэрхүү зүйл дээр жагсаалт ба тойргоос сонгогдогчдод ялгаа гаргаж байгаа аж.

Жагсаалтаар сонгогдсон гишүүн намын бодлогын эсрэг санал өгсөн бол хөөх, эргүүлэн татах тухай ямар ч зохицуулалт, аль ч хуульд байхгүй. Гагцхүү АН-ын дүрэмд түүний энэ үйлдэл харшилж буй гэнэ.

Тэднийхээр жагсаалтаар сонгогдсон гишүүн өөрийн үзэл бодолтой байх ёсгүй бололтой. Энэ талаар  АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн байр суурийг сонирхлоо.

-УИХ-ын гишүүн Р.Бурмааг ямар үндэслэлээр АН-аас хөөх шийдвэр гаргасан юм бэ. Хуулийн ямар зохицуулалт байна?

-Р.Бурмаа гишүүний санал нь одоогийн Засгийн газрын бүрэн эрхийг долдугаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрыг огцруулах санал өгсөн гэж үзэж байгаа. Ийм тохиолдолд УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг намаас хөөх, эгүүлэн татах тухай зохицуулалт ямар ч хуульд байхгүй.

Дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг хувь нь санал өгснөөр товыг тогтооно.

Улс төрийн намуудын тухай хуулийг 2005 онд батлахад манайх сонгуулийн можаритар системтэй байсан. Үүнд 2012 онд өөрчлөлт оруулж холимог системтэй болгосноор хуулийн цоорхой үүссэн. Манай намын нэр бүхий 13 гишүүнээс “Р.Бурмаа гишүүн намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулахын төлөө санал өгсөн байна” гэсэн гомдол гаргасныг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцсэн. Түүний үйлдэл намын дүрмийг зөрчсөн.

-Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг танай намын удирдах дээд байгууллагаар баталгаажуулах ёстой биз дээ?

-Намын хариуцлагын журмын 3.4- ийн гуравдугаар бүлэгт заасны дагуу Хяналтын хорооны шийдвэр дангаараа хүчин төгөлдөр биш. Уг шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороогоор баталгаажуулсан цагт хэрэгждэг. Тиймээс асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцэнэ.

-Тэр өдөр АН-ын дөрвөн ч гишүүн эсрэг санал өгсөн. Гэтэл нэгийг нь онцолж хөөж байна. Бусад гурван гишүүнд хариуцлага тооцох уу?

-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд байдал өөр. Тэдний хувьд ямар санал өгөх нь эрхийн асуудал. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-ҮЗХ хэзээ хуралдах вэ?

-Дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг хувь нь санал өгснөөр товыг тогтооно.