С.Бямбацогт: МАН ялсан бол хэрэгжүүлэх л байсан
УИХ-ын дэд дарга С.Бямбацогт
2012.09.11

С.Бямбацогт: МАН ялсан бол хэрэгжүүлэх л байсан

ТӨСВИЙН ТОДОТГОЛООР 40 ГАРУЙ ЦЭЦЭРЛЭГ, 50 ГАРУЙ СУРГУУЛЬ ХАСАГДЛАА


УИХ-ын гишүүн С.Бямбацогттой Төсвийн тодотголын талаар цөөн хором ярилцлаа.
-Төсвийн тодотголыг маргааш (өнөөдөр)-даа багтаад бараг баталчих болов уу гэсэн дүр зураг ажиг­лагдаж байна. Тодот­го­лыг хэлэлцэх үеэр МАН 21 мянга, АН 20 мянга тойрсон асуудлаар маргалдаж, мэтгэлцлээ. Магадгүй энэ нь Орон нутгийн сонгуультай холбоотой хоёр намын “сурталчилгаа” байж мэдэх юм. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Өмнөх парламентаар Халамжийн тухай хуулийг батал­сан. Халамжийн тухай хуулиар нийгмийн дэмжлэг тус­лалцаа зайлшгүй шаард­ла­гатай зорилтот хэсгийг ялгаж, тэдгээрт төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Халамжийн тухай хууль батлагдсантай холбоотой Засгийн газраас тогтоол ч батлагдсан байсан. Харамсалтай нь  шинэ Засгийн газрын тэргүүн энэ тогтоолыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, төрөөс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд Халамжийн тухай хуульд заасны дагуу халамж авах эрх зүй нь тодорхой хэмжээгээр хаагдаж байгаа. Шуудхан хэлэхэд, халамж авах боломжгүй болсон. Ийм учраас эдгээр иргэдэд анхаарах асуудал хөндөгдөж буй юм. АН хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгох санал гаргасан. Энэ зөв өө. МАН хүүхэд бүрт сар болгон 21 мянган төгрөг өгч, дээрээс нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгч байя гэсэн юм. Яах аргагүй 21 мянган төгрөг өнгөрсөн хугацаанд амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай иргэдэд том дэмжлэг болж байсан. Ийм учраас зорилтот бүлэгт нь 21 мянган төгрөг өгч байх хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа.
-Хүүхэд бүрт, дээр нь нийгмийн зорилтот хэсэгт 21 мянган төгрөг сар болгон олгоно гэвэл хичнээн төгрөг шаардлагатай вэ. Төсөв хүндхэн байгаа талаар Сангийн сайд учирлаж буй. Хөрөнгө оруулалтын асуудлууд ч эргэлзээтэй болсон энэ үед халамж хавтгайрсан үйлдэл болох юм биш үү?
-Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хүүхэд 978 мянга бий. Тэдэнд арав, арваннэг, арванхоёрдугаар сард сар болгон 21 мянган төгрөг өгөхөд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар хийсэн юм билээ. Дээр нь 220 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэн бий. Цаана нь амьдралын баталгаажих түвшин доогуур орлоготой 100 гаруй мянган иргэн бий. Ингээд үзвэл дээрх 400 гаруй мянган иргэнд сар болгон 21 мянган төгрөг өгөхөд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ оныг дуустал 92 орчим тэрбум төгрөгийг дээрх хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгоход зарцуулах юм. Засгийн газраас 60 тэрбум төгрөг шаардлагатай гэж оруулж ирсэн бол 32 тэрбумаар нэмэгдүүлж, 92 орчим тэрбум төгрөг болгосон. Ийм байдлаар нийгмийн зорилтот хэсэгт анхаарлаа хандуулах учиртай.
-Гэвч энэ мөнгийг төсөв даах уу. Эдийн засгийн хямрал манайд нөлөөлж эхэлсэн энэ үед хэтэрхий хүндрэлтэй юм биш үү?
-Европыг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал Хятадад нөлөөлж, эргээд  манай улсад “халдварлаж” байна. Монгол Улсын төсвийн орлого байхгүй, экспортын бүтээгдэхүүний үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурч эхэллээ. Ийм үед бүсээ чангалсан бодлого явуулах ёстой. Гэхдээ нөгөө талд нь хямралын үед хамгийн их нэрвэгддэг, хүнд цохилт амсдаг нь нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай дээрх хүмүүс. Тэднийг хям­рал­аас хамгаалахын тулд хам­гаа­лалтын бодлого хийх ёстой.
-Орлогын эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэх гэж. Төс­вөө танаад ч хүрэлцэхгүй сандарч байгаа шүү дээ. Тийм байтал 92 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломж бий юу?
-Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд их наяд төгрөгөөр бууруулах гэж байна. Мөн 600 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Хүний хөгжил сан дээр 300 гаруй тэрбум, Засгийн газар дээр 300 гаруй тэрбум төгрөг. Энэ бондыг гаргаж, Зас­гийн газар зээл авах юм би­лээ. Ийм байдлаар нийгмийн ха­ламжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд анхаарч, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Мэдээж, нөгөө талдаа төсвийн урсгал зардлуудыг бууруулах учиртай. Үргүй зардлыг танах чиглэлд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Гол нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхад  анхаарах нь чухал.
-Төсвийн зардлыг танасантай холбоотой зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан. Түүний нэг нь та шүү дээ?
-Төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж ард түмэн хохирох ёсгүй. Төсөв батлагдлаа. Энэ бол хууль. Хуулийг Засгийн газар, түүний харьяа агентлаг, төрийн албан хаагчид хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэхийн төлөө цалин авдаг, бас хэрэгжүүлнэ гэж тангараг өргөдөг. Гэтэл тэд үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэд, хүүхдүүд хохирч байна. Энэ удаагийн төсвийн тодотголоор 40 гаруй цэцэрлэг, 50 гаруй сургууль хасагдаж байна. Мөн хөдөөгийн иргэд, тэр дундаа алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд хоорондоо мэдээлэл солилцох гар утасны сүлжээтэй болгох асуудлыг оруулсан байсан. Гэтэл үүнийг хаслаа. Эдгээрийн цаана юу явж байна гэхээр төрийн албан хаагчдын хийх ёстой ажлаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж жирийн иргэд хохирч буй юм. Алслагдсан аймгийн тухайлбал, Ховдын 70 гаруй мянган иргэн гар утасны сүлжээнд холбогдох ёстой байтал  Засгийн газар байхгүй болгосон байх жишээтэй. Ингэж болохгүй ээ.
-Одонтой эхчүүдэд урамшуулал олгох хуулийн төсөл өмнөх парламентад яригдаж байсан ч УИХ-ын сонгуулиар МАН-ын сурталчилгаа болно хэмээн хойшлуулж байсан санагдаж байна. АН энэ асуудал дээр завсарлага хүртэл авч байсан. Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Гэтэл хүүхдийн мөнгө олгох тухай яригдаж байна. МАН АН шиг завсарлага ч авах боломжгүй байгаа энэ үед ямар байр суурь баримтлахаар шийдвэрлэж байгаа вэ?
-2011 оны зургадугаар сард Алдарт эхийн I одонтой эхчүүдэд сая, II одонтой ээжүүдэд 500 мянган төгрөг олгох хуулийн төслийг санаачилан, өргөн барьсан. 2011 оны аравдугаар сард Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл өнгөрсөн УИХ-д байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан, МАН, АН-ын аль алиных нь мөрийн хөтөлбөрт. Хуулийн төслийг 2011 оны арваннэгдүгээр сард Төсөв хэлэлцэх үеэр батлах санал гаргахад АН-ын бүлэг завсарлага авсан. Удаа дараа, жил гаруйн хугацаанд завсарлага авч, асуудлыг гацаасан. Улмаар сонгууль болохоос жилийн өмнө Халамж, нийгмийн хам­гаалалтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байя. Иймээс одонтой эх­чүүдэд нэг сая төгрөг өгч яах юм, хэрэггүй. Олон хүүхэдтэй эхчүүдэд сар бүр урамшуулал өгөх ч шаардлагагүй. Сонгууль болох гэж байгаа учраас хойшуулья. Ингэж АН жилийн гаруйн хугацаанд завсарлага авсаар байгаад тэрхүү хуулийн төслийг унагаасан. Өөрөөр хэлбэл, цөөнх эрхээ эдэлж, завсарлага авсаар байгаад тэр хуулийн төслийг батлуулаагүй. Гэтэл өнөөдөр цөөнх нь олонх болчихоод сонгууль болохоос хоёр сарын өмнө Хүүхдийн мөнгөний асуудлыг гаргаж ирлээ. Үг, үйлдлийн зөрүү гэж л энэ байх. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Зарчим байх ёстой.
-Гэхдээ л сонгууль бүрийн өмнө халамжаар “тоглодог” нь хоёр намын араншин болж..?
-МАН бол зүүний үзэл баримтлалтай нам. Аль болох нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг түлхүү анхаарах. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө  гэсэн үзэл баримтлалаар МАН ард түмний, хүний төлөө уриатай ажилладаг. Тийм учраас бид нийгмийн хамгаалалын бод­логыг байнга ярьдаг. Цаа­шид ч ярих болно. Аль ч нам Засгийн эрхэнд гарсан энэ үзэл баримт­лалаасаа ухрахгүй. Тийм­дээ ч хүүхэд бүрт бол­гох 20 мянган төгрөгийн асуудлыг МАН эсэргүүцэхгүй, харин ч дэмжиж байгаа. Тэр ч битгий хэл, бүр дээрээс нь нэмээд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд олгох санал гаргаж байгаа юм. Тэдэнд өгөх ёстой ч гэж үзэж байгаа. АН-тай адил Одонтой ээжүүд, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд урамшуулал олгохыг эсэргүүцээгүй. АН яагаад эсэргүүцдэг вэ гэхээр барууны үзэл баримтлалтай нам. Өөрөөр хэлбэл, амь амиа бодоорой. Чадвал аз, чадахгүй бол хохино гэх үзэл баримтлалтай нам. Ийм учраас халамжийн болон нийгмийн хамгааллын бодлогыг хоёр, гуравдугаарт тавьдаг.
-Онцгой албан татварыг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэлээ. Энэ хэр зөв шийдвэр вэ?
-Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Нийгмийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор асуудалд хандсан зөв зүйтэй алхам. Мөн дизелийн түлшний албан татварыг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн. Гэхдээ үүнд ялгавартай хандах учиртай гэж бодож байгаа. Уул уурхайн компаниуд үнэхээр ашиг их олдог бол тэр хэмжээгээр татвар ногдуулах нь зөв. Түүнээс биш жирийн иргэдийн нуруун дээр ачаа нэмж, хохироож болохгүй. Иймээс ялгавартайгаар зааг­лах шаардлага бий. Иймд дизелийн татварыг нэмэг­дүүлэхдээ хавтгайруулах нь зохисгүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар урсгал зардлаа бууруулахгүйгээр татвараа нэмэгдүүлж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, өөрсдийн­хөө дур зоргоор асуудалд хандах нь буруу.
-Хамтарсан Засгийн газ­рын үед шийдэгдсэн бас нэг асуудал нь 1.5 сая төгрөг. Хувьцаа юу, бэлэн мөнгө үү гэдэг сонголтыг иргэдэд өгсөн. Энэ дагуу өмнөх Засгийн газар хувьцаагаа мөнгө­жүү­лэх иргэдийн хүсэл­­тийг авч эхэлсэн. Гэвч хувьцааг мөнгөжүүлэх бо­ломж­­гүй болж, АН-ын ам­лалт болох хувьцааг иргэн бүр авахаас өөр сонголтгүй болж байх шиг байна. Энэ та­лаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр энэ талаар би Засгийн газрын танхимын нөхдөөс их асуусан. Хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй 1.5 сая иргэн хүсэлт гаргасан. Эдгээр иргэний хувьцааг бэлэн мөнгө болгож өгч чадахгүй гэж сайд нар хариулсан. Гэтэл энэ онд багтаж, МАН, АН-ын өмнөх сонгуулиар амласан амлалт, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж УИХ-аар баталсан. Үүний дагуу хэрэгжүүлж байгаа. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газрын үед хийж, хэрэгжүүлж байсан ажлаа өөрсдөө Засгийн эрхэнд гарангуутаа “Хийхгүй ээ” гэж, хэрэгжүүлэхээ болилоо. Ийм байж болохгүй, энэ буруу. Нэгэнт амласан бол ажил хэрэг болгох ёстой. Хийж хэрэгжүүлэх учиртай. МАН ялсан бол хийж, хэрэгжүүлэх л байсан
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.