Х.Тэмүүжин: "Миний амнаас санаандгүй үг унах ёсгүй"
Энэ жилийн улстөрийн салбарын “Гранд Мэн” УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Хишигдэмбэрэлийн Тэмүүжин. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гээд хүчтэй эрхмүүд өрсөлдсөн энэ удаагийн “Гранд Мэн”-ээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цойлон гарч ирсэн нь санаандгүй хэрэг биш. Олон жил улстөрийн тогоонд чанагдсан хашир “бурхи”-нуудын ч зориглон дайрч чадаагүй хууль зүйн салбарын шинэтгэлийг тэр зоригтойгоор урайлан дуудан эхлүүлж, тэр хэрээр өөртөө дайсан ч бас дэмжин дагагсдыг ч төрүүлээд буй. Энэ парламентын хамгийн залуу гишүүдийн нэг тэрээр магадгүй үүгээрээ өөртөө маш том эрсдлийг бий болгож байгаа ч шинэчлэлийн тууштай тугч нь байж чадна гэж олон нийт түүнээс ихийг хүлээж байгаа. Тиймдээ ч олон нийт Гранд мэнээр өргөмжилсөн хэрэг биз.
Харин бидний хувьд нэр дэвшүүлсэн шалтгаан нь түүний мөн чанарт өгсөн үнэлгээ, дайсан найдвар гэж болно. Тодруулбал, ярилцлага авахад хүртэл, одоо болтол яагаад ингэж шагнуулсныхаа учрыг сайн ойлгохгүй байгаа гэсээр байсанд нэг л хариулт өгмөөр байна. Гранд буюу агуу гэдэг энэ үгийг бид хүний агуу сайхан чанар, энэ чанар хүний үнэн сэтгэл, хариуцлагатай байдал, хүн чанар гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хариуцлагатай байж чадсан, цаашид ч чадах тэр эрхмүүд бол агуу хувь хүмүүс юм.
Нөгөө талаас хүмүүнлэг энэрэнгүй үйлс, бодь буяны үнэт чанар ч бас бий. Гэтэл улс төрд төдийгөөс өдий хүртэл хөрөнгө мөнгөний бус оюун чадвар, үзэл санааны үнэт, ховор капиталаар хөрөнгө оруулсаар ирсэн эрхэм гишүүн, эрхэм сайд ёслол хүндэтгэлийн ажиллагааны маань үнэт зүйлтэй тэгтлээ их огтлолцож нийлсэн нь бахархам. Хамгийн том өглөг бол оюунд тус хүргэх явдал гэж Бурхан багш айлдсан шүү дээ.
Ингээд “Гранд мэн”-ийн зангиагүй яриаг танд хүргэж байна.
-Манай сэтгүүлийн шагналыг авах үеэрээ таны хэлсэн үг хүмүүсийн анхаарлыг их татсан байна лээ. Үнэхээр та энэ шагналыг яагаад авах болсондоо одоо хэр нь гайхсан хэвээрээ юу?
-Тийм ээ. Одоо ч хүртэл гайхсан хэвээрээ л байгаа.
-Амласан зүйлээ л хийх гэж яваагийнхаа төлөө шагнал авах нь даруу биш зүйл гэж таны хэлсэн үг надад ч гэсэн таалагдсан. Гэхдээ амлалт гэдэг бол үнэ цэнэтэй зүйл гэж би боддог. Тэгээд ч сүүлийн үед, ялангуяа улстөрчдийн дунд амлалтын давтамж олшроод, үнэ цэнэ нь буураад байгаа үед ярьсан, хэлсэндээ байх гэж хичээж байгаа хүмүүсийг онцлохоос аргагүй гэж би хувьдаа бодож байна. Тийм биш гэж үү?
-Шагналыг бол хүмүүс хэн нэгэнд амлаагүй, өөрөө өмнөөс нь үүрэг хүлээгээгүй тийм гайхамшигтай зүйлийг хийж бүтээснийхээ төлөө авдаг болов уу л гэж би боддог шүү дээ. Жишээ нь, амь насаа эрсдэлд оруулж бусдын амь насыг аврах ч юм уу. Тэр хүмүүсээр бахархах ёстой.
Миний хувьд угаасаа энэ салбарт ийм шинэчлэл хийнэ гээд амлачихсан, хүмүүст бас ийм зүйл хийх гэж байгаа шүү гэсэн хүлээлт үүсчихсэн. Түүнийгээ л хийж байгаа. Харин ч хэрвээ хийхгүй бол би өөрөө эргээд хариуцлага хүлээх ёстой, худалч гэж хэлэгдэх ёстой. Тийм л цэг дээр байгаа хүн. Тийм учраас би хийж чадахгүй зүйлээ амлаж болохгүй, хийж чадах зүйлээ хийх ёстой. Тэгээд хийх ёстой зүйлээ хийж байгаагийнхаа төлөө шагнал авна гэхээр жаахан ичих мэдрэмж төрж байсан л даа, нуулгүй хэлэхэд.
-Гэхдээ яг өнөөдрийн хувьд, ялангуяа улстөрчдийг хараад байхад “хэлсэндээ байна” гэдэг зүйл тийм ч түгээмэл биш болчихсон шүү дээ?
-Яг энэ цаг үед юуг өөрчилж, юуг үргэлжлүүлж, өөрт нь итгэж найдаж харж байгаа хүмүүст алс ирээдүйд юу ашигтай вэ гэдгийг тодорхойлж харах нь улстөрчийн хийх ёстой ажил. Гэтэл манай зарим улстөрч юуг сонсохыг хүсч байна түүнийг нь хэлээд яваад байдаг. Юу хийх ёстой, юуг өөрчлөх ёстой тухай биш.
Хүмүүс юу сонсох дуртай, юунд илүү алга ташиж байна, түүнийг ярьж хэлдэг улстөрчид бас байна л даа. Заримдаа үнэн үг хатуу сонсогддог, бас эрсдэлтэй байдаг. Тийм учраас улстөрчид хүнд таалагдахаас гадна таалагдахгүй үнэнийг ч гэсэн хэлж сурах ёстой. Тэгэхгүй байнга сонсохыг хүссэн зүйлээ л сонсоод байвал 2-3 алхмын цаадахыг харахгүй харалган болж эхэлнэ гэсэн үг.
Би нэг л зүйлийг боддог. Өнөөдөр олон нийт ойлгохгүй байж магадгүй, гэхдээ маргааш ойлгоод чамаас шаардах тэр зүйлийг олж харж, түүнийхээ төлөө улстөрч хүн өөрийнхөө цуглуулсан улс төрийн капитал, нэр хүндээ шатааж сурах ёстой. Тэгэхгүй бол бидний явж байгаа хөгжил, улс төрийн бодлого, олон нийтийн итгэл найдварын үзүүр өнөө маргаашаа аргацаахаас биш, нөгөөдөр, түүний цаад өдөр юу болох вэ гэдгийг олж харахгүй тогоон дотроо унаад байна л даа.
-Өөрөө Либертари сан, Нээлттэй нийгэм форум гээд олон нийтийн олон байгууллагад ажиллаж, зуны сургалт, лекц, семинар их зохион байгуулдаг. Нэг талаас нь харвал бас их завтай ч сайд юм шиг. Яагаад үүнд их цаг гаргадаг юм бэ, залуучуудтай байх дуртай юм уу?
-Нэгдүгээрт, энэ нийгэм чинь олон урьгалч үзэл бүхий хүмүүс өөр өөрийнхөө үзэл бодлоор амьдрах боломжтой нээлттэй нийгэм. Энэ нийгэмд эрх ашгаараа, амьдралын хэв маягаараа, эсвэл ярьж хэлж байгаа хэл ярианы соёлоороо гээд маш олон зүйлээр хүмүүс найзалж нөхөрлөж, бие биенээ олдог. Гэхдээ энэ нийгэмд хамгийн үнэ цэнэтэй хэлхээ холбоо бол үзэл бодол, үнэт зүйл.
Тийм учраас надтай адилхан үзэл бодол, үнэт зүйлтэй, түүгээрээ энэ нийгмийг харж байгаа хүмүүстэй цуг байж, санаа бодлоо солилцоно гэдэг маш их эрч хүч, урам зориг өгдөг. Тийм учраас ээн либерал үзэл санаагаар дамжаад шинэ найз нөхөдтэй болох, энэ үзэл санаанд итгэл үнэмшилтэй ханддаг олон хүмүүстэй танилцах нь нэг талаас гайхамшигтай гоё шүү дээ.
Хоёрдугаарт, “филантрофи” буюу сайн үйл гэж зүйл байдаг. Баялаг бүтээгчид бусдад өөрсдийн бий болгосон баялгаараа тусламж үзүүлж чаддаг. Хэн нэгэнд эмчилгээний зардал хүрэлцэхгүй байх, хэн нэгэн шинэ бизнес хийхэд хөрөнгө оруулалт дутагдах, эсвэл хэн нэг нь бусдад сайн үйл хийхэд ч гэдэг юм уу.
Тийм үед хэн тусалж чаддаг вэ? Баялаг бүтээгчид л тусалж чаддаг. Хуримтлал үүсгэж чадсан хүмүүс л тусалж чаддаг. Яг түүнтэй адилхан мэдлэгийн хуримтлалаар бусдад тусалж болдог. Олон жилийн судалгаа, үзэл санаа, уран зохиол, танин мэдэхүйг цэгцэлсэн тэр мэдлэгээ хуваалцах байдлаар бусдад тусалж болдог.
Энэ мэдлийг бий болгохын тулд яг л баялаг бүээдэгтэй адилхан цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж байгаа. Бас маш их тэвчээр зарж, хүний амьдралын олон жилийг авч байгаа шүү дээ. Тэр он жилүүдээсээ бусадтай хуваалцана гэдэг бас л нэг сайн үйлийн хэлбэр. Бусдад сайн үйл хийнэ гэдэг зөвхөн мөнгө хөрөнгөтэй байж хийдэг зүйл биш. Мэдлэгээ хуваалцах, хамтын үйл ажиллагаа байж болно.
-Та хоёр удаагийн сонгуульд орчихлоо. Энэ сонгуульд орохдоо Ардчилсан намд өөрийн мэдлэг туршлагаас чамгүй ихийг зарсан гэж би бодож байна. Мөнгөнөөс ч илүү хувь нэмэр оруулсан байх. Түүнийхээ хариу тусыг одоо авч чадаж байна уу? Таны явуулж байгаа шинэчлэлтийн ажилд хэр дэмжлэг үзүүлж байна?
-Улс төр гэдэг бодлогын өрсөлдөөн. Бодлого гэдэг нь Монголд байгаа ийм бэрхшээлийг ийм арга замаар давна, шийдэл нь энэ байна, эцэст нь ийм үр дүнд хүрнэ. Энэ хувилбаруудын аль нь бага нөөцөөр илүү үр дүнд хүрэх вэ гэдэг л өрсөлдөөнийг хэлж байгаа шүү дээ.
Тэгээд л мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд олон нийтэд хүргээд, хэнийх нь бодлого, мөрийн хөтөлбөр бидний амьдралыг одоо байгаагаас илүү ахиулах вэ, сайхан амьдрах боломж нэмэгдэх вэ гэдгээр хүмүүс үнэлж сонголтоо хийж байгаа. Тиймээс улс төр хийж байгаа хүн, улс төрийн нам бүгдээрээ эцсийн дүндээ тодорхой үзэл санаа, тэр санаагаа яаж олон нийтэд хүргэв гэдгээрээ л өрсөлддөг.
Улс төр хийнэ гэдэг мөнгө бариад намд хандив өгөөд гүйгээд байхаасаа илүүтэйгээр өөртөө байгаа мэдлэг туршлага, үзэл санаагаар олон нийтийг дагуулах гол агуулгатай. Тийм учраас 2008, 2012 оны сонгуулиар миний улстөрд оруулсан хувь нэмэр үзэл санаа, итгэл үнэмшил, бодлого байсан. Би их хэмжээний мөнгө цуглуулж, хэн нэгэнд хариу барих чадавхитай хүн биш.
Чадавхи байсан ч гэсэн түүнийг хүсэх ёс зүй, хүсэл тэмүүлэл надад алга. Яг үнэндээ бид хэтэрхий материаллаг болчихоод байна. Хэн хэдэн төгрөг өгөв гэдгийг олж харахаас биш, хэн ямар санаа, ямар бодлого гаргав гэдгийг олж хардаггүй тийм орчин байгаад байна л даа. Зөвхөн улс төр ч гэлтггүй нийгмээрээ тийм байгаа шүү дээ.
-Олон нийтийн зүгээс ч гэсэн заримдаа “Өө, Тэмүүжин чинь гуйлгачин юм байна лээ ш дээ” гэдэг ч юм уу. Хажуугаар “ах нар” мөнгө атгачихаад, мөнгөөрөө цохиж унагаачих гээд байхаар шар хөдлөхгүй юм уу?
Манай удам угсаан дотор Идшинноров гэж том түүхч байлаа
-/инээгээд/ Шар хөдлөлөө гээд яах вэ дээ. Тэглээ гээд баялаг бүтээгчдээ тонож дээрэмдэж, авлига нэхэх ч юм уу. “Мөнгө цагаан, нүд улаан” байж болохгүй шүү дээ. Миний итгэж үнэмшиж байгаа нийгэм оюуныг, хүний тархин дахь зүйлийг үнэлдэг, түүний үр дүнд баялаг бий болж байгаа бол түүнийг нь ч хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Түүнээс биш мөнгөтэй хүнээ үзэн яддаг байж бас болохгүй. Бусдад хор учруулахгүйгээр хүн болгон авьяас чадвараараа зэрэгцэн амьдарч чаддаг тийм л нийгмийг төлөө явж байгаа шүү дээ. Тийм нийгмийг бий болгохын тулд буцаад тэр нийгэмдээ халгаатай арга барилыг би хүсч болохгүй л дээ.
Мэдээж улс төрд мөнгө тодорхой хэмжээгээр нөлөөтэй л байх. Гэхдээ улс төрд мөнгөний нөлөөлөл аль болох бага байгаасай, алга болоосой л гэж боддог. Түүний оронд оюун ухаан, мэдлэг улам үнэ цэнэтэй болох юм бол чадалтай, боловсролтой, ёс суртахуунтай олон залуучууд энэ нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэлнэ.
-Мөнгө ер нь улс төрд юу юм бэ? Хөшүүрэг үү, эсвэл хэрэгсэл юм уу?
-Ганц улс төрд биш, энэ улс орныг хөгжүүлэх, хүмүүсийн сайн сайхан амьдрахад мөнгө бол хэрэгсэл шүү дээ, бас. Амжилтанд хүрэх хөшүүрэг ч байж магад. Яагаад гэвэл бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Социалист нийгэм шиг “мөнгийг үнэ цэнэгүй болгоно” гэвэл хэн нэгний авьяас чадварыг үнэ төлбөргүйгээр мөлжинө гэсэнтэй утга нэг. Тийм учраас мөнгө бол хэрэгсэл.
Гэхдээ хүн өөрөө энэ хэрэгсэлдээ эзлэгдээд, хэрэгслийнхээ хэрэгсэл болчихож болохгүй. Мөнгө өөрөө нэг талаар энэ нийгэмд байгаа олон үнэт зүйлийн нэг нь. Хүн болгонд өөр өөрийн үнэт зүйл байгаа шүү дээ. Өөрөөсөө өөр хүмүүстэй амьдарч сурах гэдэг шинэ соёл руу л бид сайн орох хэрэгтэй юм шиг байгаа юм.
-Бага насныхаа тухай ярихгүй юу. Иргэний бүртгэлээс харахад таныг төрж байх үед Монголд “Тэмүүжин” нэртэй хүн 29 л байсан юм билээ. Одоо бол 20-30 мянга болчихсон байсан. Энэ нэрний түүх бас сонин байж магадгүй?
-Тийм үү, ямар сонин юм. Яах вэ, манай гэр бүл Монголын түүх, уламжлал соёлыг тээгч гэр бүл байсан л даа. Соёлын хувьсгалын үед манай өвөөгийн гэрт байсан номыг жалганд аваачаад шатаасан. Гурван өдөр шатаасан гэдэг юм. Шоголтой номууд бүрэн шатахгүй болохоор орой болгон очоод задлаад гал руу хийдэг байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр тухайн үедээ нэлээн соёл тээсэн л гэр бүл байсан юм шиг байна лээ.
-Лам юм уу, хар юм уу, эсвэл язгуур угсаатай төрийн хүн, тайж язгууртнууд байсан юм уу?
-Гурав дахь нь л гэсэн үг байхгүй юу. Таван гэр байсан гэж байгаа юм. Номын гэр, Тамгын гэр, Хоолны гэр, өөр бусад амьдардаг гэр гэх мэтчилэн. Яг жингийн зам дээр, маш их хүн хөлхсөн айл байсан гэдэг юм. Нэг үгээр хэлэхэд Зоригт вангийн хошууг л харьяалдаг хүн байж л дээ.
-Хошуу ноён байсан гэсэн үг үү?
-Тийм. Түүний улбаа байдаг юм болов уу даа. Манай ах энэ тэр бол түүхээ их судалдаг хүмүүс л дээ. Манай удам угсаан дотор Идшинноров гэж том түүхч байлаа, сүүлд Үндэсний түүхийн музейн захирал байсан даа. “Адууны” Баярмагнай гэж манай нагац ах, ээжийн дүү бий. Адуу судлаач, уяач хүн л дээ. Тэр ах маань намайг төрөхөд цайныхаа цагаар хотоос автобусанд сууж Зуунмод ороод төрөхийн цонхон дээр ээжийг дуудаад “Шинэ хүндээ Тэмүүжин гэж нэр өгөөрэй” гэчихээд яваад өгсөн гэсэн. Хоёр дүүг маань Тэмүүлэн, Хулан гэдэг.
-Таныг багад аав тань өнгөрсөн үү?
-Дөнгөж таван нас өнгөрч байхад аав маань нас барсан. Үнэнийг хэлэхэд аавыгаа би бүдэг бадагхан л санадаг. Харин ээж маань тэрсхэн гурван хүүхдийг хүн болгох гэж яаж амьдралын хүндийг үүрсэн нь миний нүдэн дээр ил байсан. Тиймээс ээжийгээ одоо ч гэсэн өрөвддөг. Манайхан ер нь их бүлсэг хүмүүс. Би хүүхэд насаа өвөө дээрээ өнгөрөөсөн. Өвөө маань орон нутагтаа “Дуучин” Адьяа гэгддэг, үг цөөтэй боловч нэг хэлэхээрээ нэлээд үзүүртэй, утгатай үг хэлдэг хүн байлаа. Бага залуудаа бол тойн байсан гэсэн.
-Таныг багадаа унаач хүүхэд байсан гэж сонссон. Хэр олон жил хурдан морь унасан бэ?
-Тавдугаар анги төгсөөд л морины хүүхдээс хасагдсан даа. Морины уяа сойлго, адууны соёлтой л болсон хүн шүү дээ. Өвөө маань моринд их дуртай. УИХ-ын гишүүн Су.Батболдын аав Сундуй гуай, манай өвөө хоёр жил болгон л нэг дор, эсвэл саахалт зусдаг байсан. Нутгийнхан Дорнойн Сундуй, “Дууч” Адьяа гэдэг байсан юм. Хар багаасаа арван хэдэн жил “Батболд ах” гээд хэлээд сурчихсан учраас одоо ч гэсэн “ах” л гэдэг юм. Манай ах нартай чацуу, би болохоор дүү нартай нь тоглож өссөн. Төв аймгийн Гүрбүрд, Өлзийт гээд Зуунмодоос урагшаа Сэргэлэнгийн нутгаар морин дэл дээр хийсч, хөл нүцгэн жирийж өссөн дөө. Хүүхэд нас бол бужигнасаар байгаад л өнгөрсөн.
-Таныг нэг сэтгүүлч, өнчин хүн өөнтөгч билүү, өсөрхүү ч гэлүү, нэг удаа бичсэн байсан?
-Зарчим гэдэг чинь заримдаа хүйтэн зүйл шүү дээ. Хуулийн ажил хийхэд зарчим бол зарчим. Тэр хатуу байгаа байдал нь зарим хүнд тэгж үнэлэгдэхийг үгүйсгэхгүй л дээ. Зарчим бариад явж байхад түүнд өртөж байгаа хүмүүсийн зарим нь тийм байдлаар ойлгохыг үгүйсгэхгүй. Нэг жишээ ярья л даа. Их сургуулийн хонхны баяр дээрээ төгсөлтийнхээ лекцийг хэнээр яриулах вэ гэж манай ангийнхан ярьж байгаад С.Нарангэрэл багшийг урьж авчирсан юм.
Түүнээс биш манайд хичээл зааж байгаагүй л дээ. Тэгэхэд С.Нарангэрэл багш, аавдаа тохиолдсон нэг явдлыг ярьж өгсөн. Нэг өдөр гэрийнх нь хаалгыг хар хүчээрээ хүн балбаж л дээ. Аав нь хаалга онгойлгоод өгтөл аавынх нь ах орж ирээд нэлээд чанга дуугаар хэдэн үг хэлэнгүүтээ аавыг нь алгадаад авч. Тэгэхэд аав нь, “Би таны хэлснийг хийсний оронд танд алгадуулаад зогсч байсан нь амар байна” гэж хэлсэн гэдэг юм.
Ахынх нь хүүхэд хэрэг төвөгт орсон учраас хуулийн том хүн дүүгээсээ гуйхад аав нь хөдөлсөнгуй л дээ. Тэгэнгүүт, “Миний дүү байж ахдаа тусалж чадсангүй” гээд ахын зангаргаар алгадаж л дээ. Ах хүнийх нь хувьд алгадуулахаас өөр замгүй. Гэтэл ажил үүргийн хувьд тэр хүн хуулиа зөрчиж болохгүй. Хууль хуулиараа л байх ёстой. Энэ бол бидний мэргэжлийн хувьд маш чухал зарчим. Энэ зарчмыг барьсныхаа төлөө хүнд өширхүү, хүйтэн цэвдэг, хүн муутай гэж хэлэгдэх бол наад захын л асуудал.
-Та ч гэсэн тэгвэл гэрийнхэндээ тийм л хүн болжээ дээ.
-Өө тэгэлгүй яах вэ. Саяны ярьсан энэ үзэгдлийг чинь одоо хуулинд “сонирхлын зөрчил” гээд хориглочихсон шүү дээ. Энэ бол эр хүний жудаг ч юм уу, хүн чанарын асуудал биш. Танд олон нийт итгээд хуулиар ийм эрх мэдэл, чиг үүрэг өгчихсөн байхад, та тэр эрх мэдлийг танил тал, найз нөхөд, хамаатан садандаа ашиглаад эхэлбэл энэ сонирхлын зөрчил, үүнээсээ орлого олоод эхлэх юм бол авлига болно гэж байгаа.
-Нэг үеэ бодоход улс төрд 70-аад оныхон нэлээд хүч түрж орж ирж байна. Үе үеэрээ үнэт зүйл нь хүртэл нэг байдаг даа. Гэвч та нар дотроо нэг бүл цул болж чадахгүй байгаа юм шиг харагддаг. Яагаад тэр вэ, хоорондоо тийм их ялгаатай хүмүүс үү?
-Нэг их ялгаатай ч юу байхав дээ. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс өөрчлөгддөг. Хүмүүс өөрчлөгдөнө гэдэг нь зан харьцаанаас илүүтэйгээр хүн нь өөрөө өөрчлөгдөж байна. Зарим хүн физиологийнхоо хувьд үеэ өнгөрөөгөөд улс төрөөс гарч байна. Тэр орон зай дээр нь шинэ хүмүүс орж ирж байна. Улс төрд байдаг л үзэгдэл, лидерүүдийн шилжилт хийгдэж байна.
1992 оноос хойшхи улс төрийг харахаар тодорхой хүмүүс их урт удаан хугацаагаар энэ орон зай дээр байлаа. Одоо бол яах аргагүй үе солигдож эхэлж байна. Энэ бол хүссэн, хүсээгүй явах үйл явц. Арван жилийн дараа дахиад дараагийн үе солигдоно. Энэ үйл явц ямархуу байдлаар өрнөж байна гэдгээс шалтгаалаад шинэ орж ирж байгаа залуучууд, шинэ үеийн арга барил, мэдлэг өөрөө энэ улс төрийн орчинг өөрчилнө. Эерэг болоод сөрөг байдлаар.
Хэрвээ үнэхээр сайн багтай байсан бол энэ дөрвөн жилийн хугацаанд ядаж 70-80 хувийг хийчихэж болно. Гэтэл энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхгүй үл тоодог, эсвэл улдаж эсэргүүцдэг, унагаадаг хэн нэгэн байх юм бол энэ 70-80 хувь чинь 30-40 хувь руу орох гээд байна.
Яг одоогийн хувьд үнэхээр 70-аад оныхон улс төрд орж ирж байна. Гэхдээ тийм ч олон биш л дээ. Орж ирж байгаа боловч улс төр дахь байр суурь, хүч нөлөө бас тоогоор хэмжигдэхгүй. Яагаад гэвэл улс төр чинь өөрөө туршлагаар, хэлхээ холбоогоор олон зүйлийг шийднэ. Тийм учраас улс төрд олон жил явсан хүмүүсийн хувьд яг энэ байгаа орчиндоо баргийн хүнд зайгаа тавиад өгчихөөргүй туршлагатай байгаа.
Нөгөөтэйгүүр тэр хүмүүс зөрчилдөх газраа зөрчилдөөд, найзлах газраа найзлаад, хамтрахдаа хамтраад, хагарахдаа хагараад явчихсан учраас улс төрийн хувьд хамаагүй туршлагатай. Үйл хэргийн хувьд сайн гэсэн үг биш, энэ орчиндоо өөрийгөө хадгалж авч үлдэхүйц сайн туршлагатай гэсэн үг л дээ. Тийм учраас шинэ орж ирж байгаа залуучууд тэдэнтэй адилхан туршлагатай биш учраас алдаа гаргана, тэднийг аялдан дагана, эсвэл тэдний хуваасан хуваагдал дээр хилийн хоёр талд өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсчихож байна.
Тийм учраас яг адилхан үзэл бодол, үнэт зүйлтэй юу, асуудлыг яаж харж байна гэхээс илүүтэйгээр би хэний хил хязгаар дээр, хаана зогсч байна гэдгээсээ шалтгаалаад нэг нэгийгээ хардана, муутгаж буруутгана, нэг нэгэнтэйгээ дайсагнана. Ийм л дүр зураг байна шүү дээ. Тийм учраас та нар нэг байх ёстой гэж үзэх аргагүй.
-Та сүүлд өгсөн ярилцлагадаа “Б.Билэгтийн томилгоон дээр алдсан байж магадгүй” гэж хэлснээсээ болоод нэлээд шуугиан тарих шиг боллоо. Энэ санаадгүй үг байсан уу, санаатай хэлсэн үү?
-Миний амнаас санаандгүй үг унах ёсгүй л дээ. Мэдээж санаатай хэлнэ.
-Энэ хүнтэй “дайн” зарлалаа шүү, хамтарч ажиллах аргагүй боллоо гэдгээ намынхандаа, кабинетийнхандаа хэлж байгаа юм уу?
-“Дайн” гэдэг үг таарах эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан надад хугацаа маш богино, хийх ажил маш их байна. Гэтэл амжиж болох байсан олон ажлыг хэн нэгнээс болоод алуулж болохгүй шүү дээ. Дараагийн сонгууль болоход надаас иргэд асууна. Энэ салбарт маш том өөрчлөлт явагдана гэсэн хүлээлт байсан, би хийж чадна гэж итгэл найдвар төрүүлсэн. Тэр итгэл найдварыг хэдий хэр хугацаанд хадгалах ёстой юм бэ гэж.
-Тэр битгий хэл нэг сонгуулийн хугацаанд хадгалах ч бас хэцүү шүү дээ?
-Хэцүү. Хэрвээ үнэхээр сайн багтай байсан бол энэ дөрвөн жилийн хугацаанд ядаж 70-80 хувийг хийчихэж болно. Гэтэл энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхгүй үл тоодог, эсвэл улдаж эсэргүүцдэг, унагаадаг хэн нэгэн байх юм бол энэ 70-80 хувь чинь 30-40 хувь руу орох гээд байна. Тэгээд унагааж байгаа хүн маань хэзээ ч өөрөө сонгуульд орохгүй, хэзээ ч өөрийнхөө хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй, ард иргэдээр шүүн хэлэлцүүлэхгүй.
Дараа нь дахиад өөр газар, намын нүүр царйгаар томилогдчихоод сууж байж мэдэх хүн. Түүнд л бухимдаж байгаа байхгүй юу. Надтай адилхан сонгуульд ороод өрсөлдөөд, ард иргэдээр дэмжүүлээд, эсвэл дэмжлэг авахгүй унаад явдаг бол өөр хэрэг. Хэдий улстөрчдийг муу муухай гэж хэлдэг ч гэсэн муу ч, сайн ч тэд чинь эцсийн эцэст ард түмнээр дүнгээ тавиулдаг.
Гэтэл тэдний ард ард түмнээр хэзээ ч дүн тавиулдаггүй мөртлөө үр шимийг нь хүртэж явдаг, томилгооны үр дүнд албан тушаал хашиж байгаа хүмүүс, сонгогддог хүмүүсийн хийж байгаа ажил, амласан амлалтыг үрж хаяна гэдэг ардчилсан зарчим яавч биш. Тийм учраас би тэр хүнээс, “Энэ бодлогыг хэрэгжүүлэх үү, яах вэ?” гэдэг асуултыг тавьж байгаа.
-Тэгээд хариултаа авсан уу?
-Хэрэгжүүлнэ гэж лав хэлсэнгүй, хэрэгжүүлэхгүй ч гэж бас хэлээгүй байгаа.
-Тэгвэл салбар хариуцсан сайдын хувьд та шийдвэрээ гаргачихсан гэсэн үг үү?
-Бараг гаргачихаад байна даа.