Ж.Батсуурь: Шинэ хууль гарах болгонд нэг агентлаг нэмэгдэж байна
Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь
2014.04.18

Ж.Батсуурь: Шинэ хууль гарах болгонд нэг агентлаг нэмэгдэж байна

 “Орон нутгийн хөгжил” сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Нийт 31 эксперт оролцож хөгжлийн гарцын талаар санал хүсэлтээ ирүүлсэн. Хэлэлцүүлгээс гарсан саналын талаар Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Нутгийн удирдлагыг сайжруулж босоо удирдлагыг халах хэрэгтэйг хэлсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?

Өнгөрсөн жил ерөнхийлөгч маань том төрөөс ухаалаг төр лүү гэсэн бодлогын хэмжээнд асуудал дэвшүүлсэн. Гэтэл шинэ хууль гарах болгонд төр маань томорсоор нэг агентлаг байгуулагдаж байна. Саяхан гэхэд боомтын тухай хууль батлагдаж, үүнийг дагаад сайдын дэргэд том агентлаг байгуулагдлаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай багц хуулийг УИХ-аар батлуулах гэж байна. Энэ хуулинд нийгмийн хамгаалын яамны дэргэд ч юм уу агентлаг байгуулагдахаар яригдаж байгаа. Төр маань томроод байна. Ухаалаг ажиллаж чадаж байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Би хэдэн чиглэлээр санал дэвшүүлсэн. 

-Ямар санал дэвшүүлсэн бэ. Бидэнтэй хуваалцана уу?

Юун түрүүнд ухаалаг төрд зөв тогтолцоо чухал. Төр ухаалаг байж гэмээнэ зөв байх ёстой. Үүнийг үндсэн гурван хэсэгт авч үзсэн. Нэгдүгээрт удирдлагын тогтолцоог шийдэх ёстой. Орон нутаг маш цөөхөн хүн амтай боловч аймаг сум болгон улс төрийн сонгууль явуулж байна. Орон нутгийн сонгууль гэдэг нэртэй. Улс төрийн намуудаас л нэр дэвшүүлдэг.

Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага улс төрөөс шууд хараат байснаар ард иргэд сүүлийн жилүүдэд ихээхэн эргэлзээн дунд байгаа юм. Орон нутгийн удирдлагын тогтолцоо зөв байж гэмээнэ үр дүнтэй ажиллана. Гэтэл өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулийн дараагаар олон асуудлыг шийдэж чадаангүй.

Жишээ нь нэг нам ялчихаад байхад сонгуульд дийлэнх болсон хэсэг нь гаргахгүй байсаар орон нутгийн ард иргэдийг талцуулж байна. Зарим сумын удирдлагууд одоог хүртэл маргаантай байна. Ерөөсөө талцал хуваагдал, намаараа талцаад тухайн сумын ард иргэдийг хуваагаад хүнд байдалтай болгосон явдал. Жирийн төрийн албан хаагч мөрөөрөө ажлаа хийж чадахгүй болтол хуваагдсан. Хоёрдугаарт нь төрийн тогтолцоо маш их гажигтай. Нэг гажиг нь УИХ, ЗГ-ын харилцаан дээр илэрчихээд дан дээл, давхар дээл гэж яригдаад байгаа юм. Дээлээ тайлна тайлахгүй гэж маргалдаад.

Хэрвээ гүйцэтгэж чадахгүй бол УИХ хариуцлага тооцох ёстой. Бүгдээрээ их хурлаас ороод ирэхээр хариуцлага тооцох боломжгүй болж байх жишээтэй. Тогтолцоны гажгуудыг дээл тайлахаас эхэлнэ.

Тогтолцоны гажгуудыг дээл тайлахаас эхэлнэ.
-Улс төрийн намуудын тогтолцоо зөв байна уу?

Энэ бол гуравдугаар асуудал. Сүүлийн жилүүдэд төвлөрлийг сааруулья гээд орон нутагт төсвийн эрх мэдэл нэлээдгүй шилжсэн. Аймгуудад маш олон тэрбум төгрөгний хөрөнгө очиж байна. Сумдууд доод тал нь 400 саяын эрхтэй болсон. Зөв зүйл рүү зарцуулах чадавхи нь үнэхээр байгаа юу гэдгийг харах ёстой.

Явцуу хүрээний эрх ашгийг шийдээд байна уу, баахан байгууллагуудын контор байгуулаад байна уу гэдгийг харах ёстой. Сумдуудад бол тамгийн газрын орон тоо нэмэгдэж байгаа. Боловсрол соёлын газар байсан бол боловсролын газар, соёлын газар гээд хуваачихсан.

Цөөн хүн амтай байхад олон засаг захиргааны нэгжийг үүсгэх нь төрийн салангид бодлогыг бий болгоно.  Төрийг томруулахаас илүү ухаалаг болгох нь дээр. Энэ цаг мөчөөс эхлээд болих хэрэгтэй. Даамжирвал улс орны хөгжил, хүний хөгжилд гаж нөлөө үзүүлнэ.

-Эдийн засгийн хямралд ямар шийдэл гарц байна вэ?

Дэлхийн хямрал нөлөөлж байгаа гэвэл маш бага хэмжээтэй. Төр оновчтой бодлого шийдвэр гаргаж чадаагүй гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан хямрал. Хөгжлийн хурдыг сааруулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Орон нутаг гээд аваад үзвэл орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих нь нэг талаар сайн боловч нөгөө талаар жижиг үйлдвэр угаасаа утгагүй. Жижигрэх тусам үйлдвэрлэл ашиггүй болно. Үйлдвэр хэдийд ашигтай байдаг вэ гэхээр дээд зэргийн тоног төхөөрөмжтэй, технологитой үед байдаг. Эдийн засагт жижгийн бэхшээл гэж байдаг. Угаасаа алдагдалтай. Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж төсвийн хөрөнгийг үрэн тарах хийдгээ болих хэргэтэй. Энэ нь ард иргэдэд үр ашиггүй.

Төрийн тогтолцоо, улс төрийн тогтоцоог боловсронгуй болгох хэрэгцээ үүнээс гарч ирж байгаа юм. Засаг захиргааны бүтцийг оновчтой болгох хэрэгтэй. Манай урд хөрш Өвөрмонголд гэхэд зарим сум хошууг нэгтгэсэн. Манайхтай харьцуулвал нэг сумын хошуу нь олон мянган хүн амтай. Ингэж л асуудлыг шийдэх учиртай.

Ярилцсанд баярлалаа.